2012/07/04

Огцом эргэлт ОАК хийгдэж байна

Монголын мянганы сорилтын сангийн Эрүүл мэндийн төсөл МҮОНТ-тэй хамтран "Огцом эргэлт" нэртэй телевизийн олон ангит уран сайхны киноны төсөл эхлүүлээд байна.

Кино зохиол дээр "Хэцүү анги", "Тусгай салаа" гээд МҮОНТ-ын амжилттай үзэгчид хүргэсэн кинонуудын зохиолыг бичсэн А.Амарсайхан мөн ажиллажээ. Зохиолч А.Амарсайхан хэлэхдээ:
"Монголын хүн амын дунд зонхилох хувийг эзэлж байгаа өвчлөл бол зүрх судас, чихрийн  шижин өвчин. Үүнээс сэргийлэхийн тулд хоол ундаа тохируулах, биеийн тамираар хичээллэж стресст орохгүй байх хэрэгтэй. Хэрвээ өвдвөл амьдралд чинь огцом эргэлт гарч янз бүрийн өвчинд ороогдож болдог юм гэсэн санааг огцом эргэлт бүхий зам дээр болж байгаа авто осолтой зүйрлүүлж, амьдралдаа “хурдаа” тохируулж явах хэрэгтэй гэсэн санааг гаргасан юм" гэлээ.

"Огцом эргэлт" киноны ерөнхий найруулагчаар Б.Гантулга, ерөнхий продюсер Л.Эрдэнэтуяа, ерөнхий зураглаач Б.Чинбат, зураглаач Ч.Төгс, дууны найруулагч Д.Оргилбаяр, зураач Д.Бүжинлхам, гэрэлтүүлэгч Г.Даваадорж, эвлүүлгийн найруулагч Э.Гэрэлтбаатар нар ажиллана.

30 ангитай киноны зураг авалт зуны турш үргэлжилж 2012 оны 10-н сард үзэгчдийн хүртээл болгохоор төлөвлөн ажиллаж байна.