2012/06/29

Монголчуудын тухай бүтээл Москвагийн кино наадамд

Москвагийн кино наадамд "Перспектива" буюу "ирээдүй" гэсэн утгаар орчуулж болох хөтөлбөрийн хүрээнд оролцож байгаа "Тэнгэрийн хаяа" (Tian Ban) хятадын уран сайхны киноны зохиол, үйл явдлыг хийх явцдаа өөрчилсөн тухайгаа уг бүтээлийн зохиолч, найруулагч, продюсер, жүжигчнээр ажилласан Жо Мин Хуажи хэвлэлийн бага хурал дээр ярьжээ.

Киноны үйл явдал Өвөр Монголын нэгэн хөдөөний айлын эргэн тойронд өрнөдөг юм. Аав, ээж, бяцхан охин гурвуул Шанхайд үйлдвэрлэсэн радио хүлээн авагчтай болохыг мөрөөднө. Улмаар гэрийн эзэн хот руу ажил хийж мөнгө олохоор яваад ердөө... 20 жилийн дараа эргэж ирдэг байна. Энэ үед эхнэр нь нас барж, охин нь нэгэн хийдэд амь зууж байгаад хятад хүнд үрчлэгдсэн байдаг юм. "Тэнэмэл" эцгийг шинэ хамаатнууд нь халуун дотно хүлээж авдаг ч охин яагаад ч уучилж чадахгүй...

"Би эхлээд гол баатар нь нууц амрагтай болсон тухай зохиолоо баримталж хийх гэж байсан ч өөрөө өөрийгөө "цензурдээд" арай зөөлрүүлсэн. Би Өвөр Монголын кино нийгэмлэгийн дэд тэргүүн бөгөөд ийм зохиомжийг монголчууд таагүй хүлээж авна гэж надад ойлгуулсан" гэж Жо Мин Хуажи ярьжээ.

Эцсийн хувилбар ёсоор бол, 20 жилийн дараа эргэж ирсэн эцэг охиныхоо хамаатнуудад "гэртээ харихыг ихэд хүсч байсан ч учир битүүлэг нөхцөл байдалд алдсан мөнгөө ажил хийж олох ёстой байсан учраас ирж чадаагүй" гэж тайлбарладаг.

"Тэнгэрийн хаяа" киног хувийн компани нь бүтээж, кинонд гэрийнхэн нь болоод хамаатнууд нь тоглосон тухай найруулагч мөн нэмж хэллээ.

"Киноны үйл явдал намтарчилсан биш. Гэхдээ би зарим хэсгийг ойр дотныхон, хамаатнуудынхаа ярианаас авсан. Зураг авалт миний өсч төрсөн газар нутагт хийгдсэн" гэж Жо Мин Хуажи ярьжээ.

"Тэнгэрийн хаяа" бол Хуажигийн хувьд найруулагчийн гарааны бүтээл бөгөөд тэрээр 1998 оноос эхлэн жүжигчний хувьд ажиллаж байсан юм. Шинэ кино хэд хэдэн олон улсын наадмаас шагнал хүртээд байна.

Жо Мин Хуажи Өвөр Монгол гаралтай бөгөөд монгол нэр нь Номинхуар байж магадгүй гэсэн мэдээлэл байна. Тэрээр ӨМӨЗО-ны Шулуун хөвөөт цагаан хошууны Улаанцав суманд төрж өсчээ.

news.mn РиаНовости