2012/06/29

Б.Баяр: Би Монгол Хүн

Б.Папизан гуай хэн хүнээс илүүтэйгээр байгалиа шүтэн дээдэлдэг. Тэр бээр "Уул ус бүхэн өөрийн эзэнтэй, тэдгээр нь бидэнтэй ярьдаг. Гэвч цаг хугацаа өнгөрөх тусам хүн төрөлхтний буруутай үйл ажиллагаанаас болж эх дэлхий онгон дагшин байдлаа алдаж байна" хэмээн халаглана. Түүнд байгалиас хөгжмийн онцгой авьяас чадвар заяажээ. Тэрбээр байгалийн үзэсгэлэн гоог биширч, эх дэлхийгээ хайрлаж хамгаалахыг хойч үедээ захихын зэрэгцээ ардын язгуур урлаг, хөөмийн олон төрлийг үр хойчдоо өвлүүлэх их үйлсийг бүтээж яваа эгэл жирийн буурал. Бас "Би монгол хүн" киноны гол дүр. "Сэмүүн" студийн найруулагч Б.Баярын "Би монгол хүн" баримтат кино олон улсын кино наадмаас дэд байрын шагнал хүртжээ. Түүнийг үзэгчид "Соёл эрдэнэ" теле сэтгүүл, "Шагайн цаг", АХА нэвтрүүлгийн хөтлөгч, редактор гэдгээр сайн таньдаг. Залуусын мэдлэгт дусал нэмэх танин мэдэхүй, түүх, шинжлэх ухааны асуултаар оролцогчдыг булж, мэдлэгийг шалгадаг байсан тэрбээр сүүлийн үед кино урлагт хүч сорьж байгаа аж. "Гурван долоо хоног" бүрэн хэмжээний уран сайхны кино, "Усчин", "Газар тэнгэрийн зардас", "Бүүвэйн дуу", "Тэнгэрийн нүүдэл", "Төлчин", "П.Ганбат", "Зууныг эзэлсэн шонхор", "Зөвхөн намайг үхсэний дараа", "Сар анх мандсан нутаг", "Миний амьдралын аз жаргал, уйтгар гуниг", "Би монгол хүн" зэрэг баримтат кино нь үзэгчдээс өндөр үнэлэлт авсан юм. Түүнтэй өчигдөр 11.30 цагт холбогдлоо.

-Таны бүтээл олон улсын кино наадамд хурдтай "давхисан" гэж сонслоо. Баяр хүргэе.

-Баярлалаа. Египет улсад энэ сарын 12-нд болсон "Formula mundi-12" олон улсын кино наадамд "Би монгол хүн" баримтат киногоо сойж, аман хүзүүдлээ. Энэ наадам арт, богино хэмжээний болон баримтат кино гэсэн гурван ангиллаар шилдэг бүтээл шалгаруулсан юм.

-Хэдэн орны, хэчнээн бүтээл оролцов?

-Анхан шатны шалгаруулалтад 45 орны 208 кино оролцсон юм билээ. Тэдгээрээс дэлхийн кино урлагт толгой цохидог ОХУ, АНУ, Англи, ХБНГУ, Франц, Энэтхэг, БНХАУ, Япон зэрэг орны 40 кино шалгарч үлдсэн. Тэр дунд монгол кино багтаад зогсохгүй хоёрдугаар байрт шалгарсанд баяртай байна.

-Энэ бүтээлээрээ юуг үзүүлэхийг зорьсон бэ?

-Киноны маань гол дүрийг Ардын язгуур урлагийн наадмын алтан медальт, соёлын тэргүүний ажилтан Бадарын Б.Папизан гэдэг. Б.Папизан гуай Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын хүн. Тэрбээр Алтай таван Богдын салбар уулс болох Цэнгэл хайрхан, Төв Азийн хадны зургийн томоохон төвүүдийн нэг, ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд бүртгэгдсэн хадны зургийн үлэмж баялаг дурсгалтай Шивээт хайрхан уулынхаа бэлд нутаглаж, хүү Сариг-Оолын хамт Цагаан гол, Ховдын голоо даган загас жараахай барин, байгаль эхээ хэрхэн хайрлаж хамгаалах талаар заан, сургаж явдаг нэгэн. Түүний амьдралаар, байгаль хүн хоорондын харилцаа, хүн байгалийн бүтээгдэхүүн гэдгийг харуулахыг зорьсон. Уул ус, ургамал, амьтан бүгд амьтай гэдэг санааг кинондоо тусгасан.

-Ямар уран бүтээлчидтэй хамтарч ажиллав?

-Ерөнхий редактораар соё лын гавьяат зүтгэлтэн Ш.Ёолк, туслах редактораар А.Мөнх цэцэг, зураглаачаар М.Бүү вэйбаатар, Б.Баярсай хан, эвлүүлгийн найруулагчаар Б.Баярсайхан, зохиогч болон найруулаг чаар би өөрөө ажилласан.

Өнөөдөр Х.Уянга