2012/05/07

Наран мандах нутаг ОАК танилцуулга (+poster)

"Амьддаа бие биеэ хайрла…" Нэрт яруу найрагч Очирбатын Дашбалбар агсан нэгэн цагт ингэж хэлж хүн хүнээ хайрлахын утга учрыг бидэнд мэдрүүлсэн. Хичнээн цаг хугацааг туулсан ч хэзээд үнэн байх энэ үгийг сонсох бүрт зүрхэн дундуур хайр урсдаг.

Эгэл атлаа энгүй энэ үгийн үнэ цэнийг бидэнд дахин мэдрүүлэх нэгэн бүтээл төрж байгаа нь "НАРАН МАНДАХ НУТАГ". Очирбатын Дашбалбарын унаж өссөн тэр л нутгаас төрж буй, хөдөө орон нутагт бүтээгдсэн анхны телевизийн олон ангит кино.

Алдарт Алтан-Овоо, Шилийн богд, Зотол хан уул, Ганга нуураа дуулах Жаахан шаргын нутаг энэхүү уран бүтээлд шингэж, амьдралын хэв маяг, ахуй соёл, зан заншил нь урган гарч ирнэ. Мөн ирээдүйн сайн сайханд тэмүүлэх Сүхбаатар аймгийн өнөөгийн дүр төрх, хөгжил дэвшил гээд Монголын кино урлагийн түүхэнд СҮХБААТАР аймгийн нэрийг дуурсгах уран бүтээл.

Халуун залуу нас, хайр дурлал, хэзээ ч мартаж болохгүй учрал гээд хүний амьдралын сайхан бүхнийг уран бүтээлчид нь энэхүү кинондоо харуулахыг зорьжээ. Хүний амьдрал юм хойно алдаа оноо, зовлон жаргал бүхэн ээлжлэн, амьдралын олон өнгө сүлэлдэх ч нутаг орноо гэсэн халуун сэтгэл нь гэрэлт ирээдүй, гэгээн амьдрал руу хөтлөж байгаа үйл явдал энэхүү киногоор үзэгчдэд хүрэх юм.

"Наран мандах нутаг" олон ангит киног Төрийн соёрхолт, МУГЖ Ц.Төмөрбаатар, МУГЖ С.Сарантуяа, МУСТА Д.Гүрсэд, О.Гэрэлсүх, Б.Болдбаатар, залуу жүжигчин А.Ганчимэг, П.Баттөр, Ш.Батболд, М.Золжаргал нар амилуулсан бөгөөд Сүхбаатар аймгийн "Жаахан шарга" театрын уран бүтээлчид тэдний ажилд цуцал нэмж оролцон тоглосон юм.