2012/05/15

Мөнхтөр - Найзууд (Сүүдрийн гэрэл OST) +trailer

"Сүүдрийн гэрэл" уран сайхны киноны уран бүтээлчид бүгд Архангай аймагт ажиллаж амьдардаг бөгөөд  зураг авалтыг ч  бүхэлд нь төрөлх нутагтаа хийжээ. Киноны зохиолч,  найруулагчаар  залуу найруулагч Л.Цэрэнтогтох, ерөнхий зураглаачаар Г.Бат-Ирээдүй, ерөнхий зураачаар Н.Энхбат, хөгжмийн зохиолчоор Г.Онон ажиллаж, дүрүүдэд Б.Болдбаатар, Б.Минжүүр,  С.Наранчулуун, Э.Мягмарсүрэн,  А.Нарангаравуу, Г.Чойсүрэн нар  тоглосон байна.


Кинонд: Багаасаа нөхөрлөсөн дөрвөн найзын дөрвөн өөр амьдрал гарна. Дөрвөн найз их сургуулиа төгсөөд төрөлх нутагтаа ирж ажиллах гэсэн боловч харамсалтай нь тэдэнд ажил олдсонгүй. Гэвч тэд бууж өгөлгүй нутагтаа ажиллаж амьдрах итгэл дүүрэн байцгаана. Киноны үйл явцад Цэцэрлэг хотын түүх дурсгалт газрууд, байгалийн үзэсгэлэнт цогцолбор болох Булган уул, хөгжиж дэвшиж буй хотын гудамж талбай болон залуучуудын төрөлх нутагтаа гэсэн сэтгэл, хайр дурлалын ээдрээт түүх, найз нөхдийн үнэнч нөхөрлөлийг өгүүлнэ. Түүнчлэн залуучуудын эх орон, төрөлх нутгаараа бахархах сэтгэлийг харуулахын  зэрэгцээ ирээдүйнхээ төлөө хүсэл зорилготой, сайхан амьдралын төлөө тэмүүлж буйг кино зохиолын утга санаа илэрхийлэх ажээ.

Киноны "Найзууд" дууг залуу дуучин Мөнхтөр дуулсан бөгөөд дууны үгийг Г.Ононтой хамтран бичилцсэн байна. Харин аяыг Г.Онон бичжээ.



"Крокус" ХХК-ын бүтээл "Сүүдрийн гэрэл" уран сайхны кино "Mongolian Academy  Awards 2012" кино наадамд орон нутгаас оролцсон анхны кино болсон юм.