2012/05/29

Каннын кино наадмын шилдэг шагналыг Michael Haneke 2 дахь удаагаа авлаа

Олон улсын Каннын 65 дугаар кино наадмын  хамгийн шилдэг шагнал болох "Дал модны алтан мөчир" (Palme d'or)- ийг Австрийн найруулагч Michael Haneke амьдралынхаа сүүлийн мөчүүдийг хамтдаа өнгөрүүлж буй хоёр хөгшний тухай өгүүлдэг "Хайр" (Amour (Love)) хэмээх дэлгэцийн бүтээлээрээ хүртсэн байна.

Haneke энэхүү шагналыг хоёр  дахь удаагаа хүртэж байгаа ажээ. Тэрбээр 2009 онд Дэлхийн нэгдүгээр дайны үеийн Герман улсын тухай хар цагаанаар бүтээгдсэн "Цагаан тууз" (The White Ribbon) киногоороо "Дал модны алтан мөчир" гардаж байв.

Харин "Хайр" кинонд өдгөө 80 насыг зооглоод буй Францын алдарт жүжигчид болох Жан-Луи Трентиньян (Jean-Louis Trintignant) болон Эммануэль Рива (Emmanuelle Riva) нар тоглосон байна. Тэд Ханекегийн хамтаар тайзан дээр гарч шагналаа хүртжээ. Түүний "Хайр" хэмээх энэхүү кинонд нас дээр гарсан эрэгтэй цус харвасан хайртай ханиа халамжилж буй сэтгэл хөдөлгөм үйл явдлууд гардаг байна.

Michael Haneke-гийн кино Каннын кино наадмын дэлгэцнээ гарсны дараагаас л түүнийг "Дал модны алтан мөчир"-ийг авах хамгийн өндөр магадлалтай хүний нэгээр тодруулж байжээ.

Мөн наадмын Гранпри шагналыг Италийн найруулагч Маттео Гарроне (Matteo Garrone) инээдмийн "Реалити шоу" (Reality) киногоороо хүртсэн байна.

Каннын кино наадмын шилдэг эрэгтэй жүжигчнээр Томас Винтербергийн найруулсан "Ан" (The Hunt) хэмээх кинонд тоглосон Голландын жүжигчин Мадс Миккельсен (Mads Mikkelsen) хүртжээ. Тэрбээр тус кинонд педофилийн хэрэгт сэжиглэгдэж буй цэцэрлэгийн хүмүүжүүлэгчийн дүрийг бүтээсэн байна.

Харин шилдэг эмэгтэй жүжигчдээр Кристиан Мунжийн бүтээсэн "Толгодын цаагуур" (Beyond The Hills) кинонд тоглосон Румыний жүжигчид болох Космина Стратан (Cosmina Stratan) болон Кристина Флутур (Cristina Flutur) нар тодорчээ.

Харин шилдэг найруулагчийн шагналыг сюрреалист "Post tenebras lux" ("Гэгээ тасарсны дараа") киногоорооо Мексикийн найруулагч Карлос Рейгадас (Carlos Reygadas) хүртсэн байна.

Түүнчэн 65 дугаар Каннын кино наадамд 2006 онд "Дал модны алтан мөчир" шагналын эзэн болж байсан Британийн найруулагч Кен Лоач энэ удаад ажилгүй хоёр шотланд залуу вискиний үйлдвэр дээр ирээд, дараа нь амьдралаа үндсээр нь өөрчилдөг тухай өгүүлдэг "Бурханы хувь" хэмээх инээдмийн киногоор тус наадамд оролцсон байна.

А.Цацрал gogo