2012/05/29

Бүтээх хэцүү, Бүрэлгэх амархан

Бид кино урлагийн тухай сэтгэл дэлгэж ярилгүй удсан байна. Сүүлийн жилүүдэд олон арван кино нээлтээ хийж улаан хивсний ёслол болж байгаа хэдий ч нэг их чимээ шуугиан, яриа маргаан өрнөлгүй хэд хоног гарч байгаад "Тэнгис", "Өргөө", "Соёмбо"-ын дэлгэцнээс бууж хөдөөг зорьдог бололтой юм. Хамтын бүтээлд "халаасаа сэгсэрсэн" уран бүтээлч нь "шатдаг уу", "атгадаг уу" бүү мэд. Тэгсгээд л сураг алдардаг байна.

Харин "Би чамд хайртай-II" гэдэг кино орлого сайтай байсныг кино судлаачид мэдээлэх юм билээ. Ер нь аливаа юмыг, тэр тусмаа кино бүтээх хэцүү. Харин ч манай уран бүтээлч залуус энэ салбарт урам зориг дүүрэн байгаа нь сайн хэрэг. Сайхан үйлс. Тун саявтар "Долоон бурхан харвадаггүй" уран сайхны кино "Тэнгис" кино театрт сүр жавхлантай нээлтээ хийв. Энэ киноны бусдаас ялгарах хэд хэдэн онцлог ажиглагдана.

Нэгдүгээрт: Анхны долоогийн тухай сэдэв 70 жил хэлмэгдсэн, дараа нь 20 жил хэрчигдсэн түүх юм. Энэ тухай өгүүлсэн хамгийн тулхтай бүтээл бол эрдэмтэн зохиолч Л.Түдэв гуайн "Алтан гадас чигийг заана" гэдэг баримтат тууж билээ. Бусад роман, тууж, жүжигт тэр тусмаа төрийн хатуу хяналт, өгөөмөр санхүүжилт бүхий дэлгэцийн бүтээлд дандаа бүрхэг, дандаа бүдэг дүрслэгдэж ирсэн юм. Энэ сэдвийг зориглож амласан нь сайн хэрэг.

Хоёрдугаарт: 90 жилийн тэртээх ээдрээт түүхийн зангилааг тайлахаар энэ цагийн хорин настнууд зориг лон барьж авсан нь бүр сайн хэрэг. 1920 оны нэгдүгээр сарын 5-нд бүлгэмийн 20 гаруй гишүүн Хүрээний баруун сүмд цуглаж "... Бидний эдгээр нөхөд өөрсдийн ашиг завшааныг эрмэлзэхгүй, дан ганц харьяат Монголын шашин үндэс ба олон түмэн ардыг гал усны гашуун зовлонгоос гэтэлгэж амар түвшин замыг нээгдүүлж соёрх" гэсэн тангаргийн үгээ хадган дээр сүүгээр бичиж байхад С.Данзангаас бусад нь кино бүтээгч залуусын л насан дээр байсан билээ. Залуу хувьсгалчдын зүрх сэтгэлийн дүр төрхийг залуу киночид л бүрэн дүүрэн гаргаж чадна.

Гуравдугаарт: Энэ цагийн дэлгэцийн бүтээлд зонхилж буй ахуйн сэдэвтэй киног бодвол нүсэр сэдэв нүсэр санхүүжилт шаардсан байж таарна. Тэр нь ч киноны ерөнхий зураачийн ажил түүний гүйцэтгэлд тодорхой (тухайлбал, Хүрээний гудамж Хиагтын тулаан гэх мэт) харагдаж байна. Иймийн тулд "Долоон бурхан"-д гар сунгасан ивээн тэтгэгч бүхэнд бид талархах учиртай билээ.

Дээрх шалтгаан олон хүний харцыг дэлгэц рүү хандуулсан юм. Ийн кино театрыг зорьсон үзэгч бүхэн өөр өөр бодол санаа өвөрлөн гарсныг сонин хэвлэлийн хуудаснаа гарсан шүүмж өгүүллүүд (Д.Энхболдбаатар, Миеэгомбо гэх мэт)-ийн зөрүүтэй саналууд нотлон харуулж байна. Юутай ч гэсэн монгол үзэгч бидний оюуны сан хөмрөгт ярих юмтай нэгэн кино нэмэгджээ. Энэ киноны гол баатрууд нэг бодлын сайн танил хүмүүс мэт нөгөө бодлын огт танихгүй домог лугаа санагдах нь түүх болсон эл үйл явдлыг янз янзын түвшинд бүтээгдсэн олон киноноос үлдэж хоцорсон сэтгэгдэл бололтой юм.


Дамдины Сүхбаатарын хувьд орос ах нар "Сүхбаатар" кинонд ЗХУ-ын ардын жүжигчин Свердлин тоглосноор кино дэлгэцнээ анх уран сайх ны дүр болон тодорчээ. (Харин Оросын баримтат зураглаачдын авч үлдээсэн мэдээ дүрс бий. Бид бүгдээс нь аль нэгийг асуух мэт эргэж хараад харц нь тогтолгүй буцаж хардаг дүрс үлдсэн юм. Энэ бодвол Эрхүүд Шумяцкий хүлээж авахад болсон хувьсгалчдын уулзалтын үеэр авсан кино мэдээ байж мэд нэ) Свердлиний бүтээсэн Сүхбаатар баахан ойворгон, догшин ширүүн болсон ч ах нарт гомдолтгүй. Дараа нь "Ардын элч"-д гавьяат жүжигчин З.Галсанданзан, "Мандах нарнаар"-т Ц.Базаррагчаа зэрэг уран бүтээлчид өөр өөрийн арга барилаар жанжны дүрийг гаргасан ч "Өглөө" кинонд гавьяат жүжигчин Ц.Дашнамжилын бүтээсэн их жанжин Сүхбаатарын дүр л ард түмний сэтгэлд хүрсэн юм.

"Долоон бурхан харвадаггүй" кинонд Д.Эрдэнэмөнх тоглов. Харин тэр бүр кино дэлгэцнээ гараагүй Хиагтын ухралтын хэсгийн тоглолтууд гайгүй үнэмшилтэй болжээ. Солийн Данзангийн дүрийг С.Удвал ахайтны зохиолоор найруулагч А.Долгор бүтээсэн "Намрын халуун өдрүүд" кинонд ардын жүжигчин П.Цэрэндагва тун чамбай урласан юм. Ялангуяа арьс нухлан "Ямар ч шүүнд дэвтдэггүй хөгшин үдээр Цэрэндорж..." гэдэг хэсэг бол гайхалтай. Хэдийвээр аугаа жүжигчний энд хавьтах хэцүү ч Төмөрбат түүхэн дүрийг тун үнэмшилтэй урлалаа. Харин Данзангийн ширээ ний хөлөөр ардын намын модон тамга сийлснийг ярианд хавчуулаад өнгөрөх биш бүр үйл явдал болгож өрнүүлсэн бол энэ чинь л нэг кино юм шүү дээ.

Хорлоогийн Чойбалсангийн ахимаг насны дүрийг гавьяат жүжигчин А.Дашпэлжээ гайхалтай сайхан урлалаа. Ер нь ч маршалын дүрд хувилах хувь заяа түүнд заяасан мэт жигтэйхэн адилхан санагддаг юм. Мөнгөтэй болоод чадалтайсан бол А.Дашпэлжээгийн чухам энэ насан дээр маршалын тухай кино бүтээмээр санагддаг юм. Харин залуу зандан үеийг нь Ц.Бямбасүрэн боломжийн түвшинд гаргажээ.

Догсомын Бодоогийн дүрийг манай удмын авьяас билэгтэн Цагаан Цэгмэдийн хүү Төмөрхуяг сайн бүтээлээ. Харин Миеэгомбын шүүмжид "... Гарам Сүх жанжны бичгийг Бодоод өгөхөөр маш олон хоног явдаг буюу тэдний ажилладаг яам хоорондоо хэдэн өдөрчийн газар байдаг мэт..." гэсэн нь бий. Яг баривчлагдах үедээ Д.Бодоо хөдөө байсан юм шүү дээ. Тэрбээр гэргий авч, хэ дэн малтай болж одоогийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутагт энгийн малчны амьдралаар аж төрж суусан гэдэг юм. Энэ бол бас л нэг кино болох сэдэв юм даа.

Дансранбилэгийн Догсомын дүрийг манай авьяаслаг жүжигчин Г.Золбоот бас л тун сайн бүтээжээ. Баруун хязгаарын сайд хийгээд Жинжий Бадамын хайр сэтгэл "Хөх торгон дээл" дуу төрсөн түүхээр манай зохиолч Ш.Батбаяр жүжиг бичиж Увс аймгийн театрт 1980-аад оны сүүлээр тоглуулсан юм. Ер нь энэ хайр дурлалын түүх ч их хувьсгалын үеийн нэгэн сайхан гэрэл гэгээ болж одоо ч гэсэн ард түмний дунд яригдсаар байдаг юм.

Дарьзавын Лосолын дүрийг аав, хүү хоёр бүтээсэн нь сонин тохиол, сайхан учрал байв. Лосолын залуу үеийн дүрийг П.Хувьзаяа анхны долоо дотроо тун дориун гаргаж ирсэн бол манай нэрт найруулагч Н.Пүрэвдорж ахимаг насных нь дүрд тун чадварлаг тоглолоо. Их түүхэн хувь заяагаар учирсан анхны долоогоос маршалын дэргэд үлдсэн Лосолын дүрээр залуу киночид их юм хэлж өгөх боломж байсан юм. Гэхдээ чамлалтгүй.

Дамбын Чагдаржав нь анх ны долоо дотроо хамгийн их юм үзсэн, ухаантай, сайхан эр байсан юм гэдэг. Тэрбээр дэлхийг тойрон явж Франц хүртэл ороод, Париж хүртэл яваад ирсэн түүхэн хүний дүрийг Ш.Баянмөнх бүтээжээ. "Цэцэг Чагдаржав" нэр авсныг бодоход нүд дүүрэн сайхан эр явсан байж таарна.

Ийн долоон бурхнаа дориун сайхан бүтээсэн байна. Харин түүхэнд цухас төдий дур даад өнгөрдөг ардын журамт цэргийн анхны хороон дарга нарын нэг Цэрэндоржийн дүрийг аугаа их Д.Лувсаншаравын хүү Л.Баярсайхан нулимс гарам бүтээлээ. Энэ бол дүр байлаа даа.

Мөн уран сайхны дүр Гарамын эмгэнэлт хувь заяаг авьяаслаг жүжигчин Ялалт, хэргийн эзэн хэнгэргийн дохиур Элбэгдорж Ринчиногийн дүрийг А.Баттүшиг, зартай алуурч Блюмкиний дү рийг Василий Баталов нар ам жилттай сайн бүтээлээ.

Ингэж манай залуу кино чид ярих юмтай, харах юмтай нэгэн кино бүтээсэн нь зохиолч продюсер Ж.Мөнхбатын гавьяа байлаа. "Болор цом"-ын эзэн, авьяаслаг залуу яруу найрагч маань үүний өмнө "Зур гаан сар минь баяртай" жүжиг бүтээсэн бол сая "Долоон бурхан харвадаггүй" кино туульсыг найруулагч А.Мөнхсүхтэй гар нийлэн үзэгч олондоо барилаа. Түүний халуун сэтгэл, гэгээн тэмүүлэл өөд "... Долоон бурхан харвадаггүй" зүгээр л дэлгэцнээ эрээлжилсэн элдэв дүрсүүд, гял цал атлаа дутуу дулим дүрүүдийн хутгалдаан, гэрэл сүүдрийн холилдсон бантагнал" хэмээн ус цацаж болохгүй юм. Ер нь бүтээх хэцүү, бүрэлгэх амархан гэдгийг сүүлийн 20 жилийн түүх батлан харуулж байна бус уу.

Ноёдын намын асаах гэж тэмүүлсэн Цагаагчин гахай жилийн /1911 оны/ хувьсгал явсан явсаар 10 жилийн дараа анхны долоогийн босгож ирсэн тусгаар тогтнолыг урлах гэж Монголын ард түмэн 70 жил зүтгэсэн юм. Энэ бол бүтээхийн төлөө тэмцэл байлаа. Харин 1990 оны цагаан морин жил чанга дуугаран гарч ирсэн "хувьсгалчид" бүрэлгэхийн тавилан руу улс орныг чирж байх шиг санагдана. Дээрх чанга үгийг бичсэн МЗЭ-ийн удирдах зөвлөлийн гишүүн, Жүжиг киноны төвийн дарга Д.Энхболдбаатарт хандаж хэлэхэд намын захиалгаар кино бүтээж болно, харин намын захиалгаар шүүмж бичиж болохгүй гэж анхааруулмаар санагдсан шүү.

Хэн нэгнийхээ бүтээлийг хэрчих гэж үгийн илд сугалахын оронд болж бүтсэнийг нь ерөөж, алдаж асгасныг нь са нуулж авьяас билгийнх нь дөрөөнд үгийн сүү дусаах сэт гэл бидэнд дутаад байдаг болж дээ.

Энэ хэцүү цаг үед, тэр хэмжээний кино бүтээж үзэгч олондоо хүргэсэн "Болор цом"-ын эзэн, яруу найрагч Жамьян гийн Мөнхбатдаа баярлалаа гэж хэлэх л үлдлээ. Дараа дараа гийн тань уран бүтээлд амжилт хүсье.

 Дамбын ТӨРБАТ (Төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн)