2012/05/09

О.Батзориг: Шөнө дундын яриа кино болно

2003 он. Урьд өмнө хийгдэж байгаагүй horror сэдвээр нэгэн нэвтрүүлэг гарч эхэлсэн нь "Шөнө дундын яриа" байлаа. Олны анхаарлыг богино хугацаанд татаж шуугиан дэгдээсэн энэ нэвтрүүлэг тухайн үед үзэгчдийнхээ  тоогоор "Цагийн хүрд" хөтөлбөрийг давсан тохиолдол гарч  байв. Ням гаригийн үдэш бүр үзэгчдийг унтуулахгүй зурагтынх нь өмнө уядаг байсан тус нэвтрүүлэг жил гаруйхан гараад хаагдсан билээ. Үүнээс хойш бараг арваад жил өнгөрч байгаа хэдий ч "Шөнө дундын яриа" өдгөөг хүртэл олны дунд яригдсан бас ямар нэгэн байдлаар хүлээлт үүсгэсэн хэвээр...

Уг нэвтрүүлгийг бүтээгчдийн зүгээс кино бүтээхээр төлөвлөж байгаа бөгөөд энэ талаар нэвтрүүлгийг зохиогч, найруулагч О.Батзориг болон Опозит хамтлагийн гишүүн А.Гантулга нартай хэсэгхэн хугацаанд ярилцлаа.

- Яриагаа "Шөнө дундын яриа" хэрхэн бүтэж байсан талаар эхлэе? Анх яагаад ийм жанрын нэвтрүүлгийг зориглон хийх болов.

Найруулагч О.Батзориг: Танай site-н уншигчидад энэ өдрийн мэнд хүргье. Зориглох ч юу байхав. Тухайн үед манай ТВ-үүдийн хөтөлбөрт хөгжөөнт цэнгээнт нэвтрүүлгүүд дүүрчихсэн байсан л даа. Тэгээд яг үүний эсрэг өнцгөөс нэвтрүүлгийн ямар төрөл байж болох вэ гэж бодоод далд ертөнц болон айдсын нэвтрүүлэг хийх санаа төрсөн. Тэгээд л хийж эхэлсэн. Тэрнээс биш сүнс чөтгөрт дуртайдаа ч хийсийн биш л дээ. Нorror бол бараг хүн болгоны дуртай сэдэв юм байна гэдэг нь дөнгөж хоёр дахь дугаарыг гаргаж байхад л мэдрэгдэж эхэлсэн.

- Нэг юм анзаарлаа. Та "Шөнө дундын яриа" нэвтрүүлгийн талаар ер ярилцлага өгч байгаагүй юм биш үү?
Найруулагч О.Батзориг: Тийм.

- Яагаад?
Найруулагч О.Батзориг: Надад сэтгүүл, сонингуудаас ярилцлага авахаар цөөнгүй ханддаг байсан. Энэ гаргаад байгаа нэвтрүүлэг чинь үнэн юм уу? гэж... Тухайн үеийн нийгмийн сэтгэл зүй далд ертөнц гэсэн сэдвийг хүлээж авахдаа ялгаж салгаж ойлгоход бэлтгэгдээгүй байсан учраас  элдэв хэл аманд өртөхөөс болгоомжилсон хэрэг.

- Юунаас?
 Найруулагч О.Батзориг: 90 –ээд он гарч нийгэм тавигдах үест харь гаригийнхний хөлөгт суугаад Ялалт кино театр дээгүүр нисдэг охин, Алтан цөгцний хэрэг, Гал гаргаад эргэн тойрноо шатааж алчих гээд байдаг хүүхэн зэрэг барин тавин ярьдаг баатрууд гарч ирсэн. Би тэдний нэг болохгүйн тулд амаа хамхисан хэрэг. Яагаад гэвэл би залуу уран бүтээлч хүн онигооны баатар болхыг хүсээгүй учраас. Одоо бол цаг өөр болсон. Сүнс байдаг юмуу гэж надаас асуух хүн байхгүй биз. Айл болгон л онго тэнгэр бөөтэй болсон байна.

-Тэгээд тэр нэвтрүүлгийг хийхэд үнэнээсээ сүнстэй учирсан хүмүүс очиж ярьдаг байсан уу?
Найруулагч О.Батзориг: Наад асуулт чинь бас л үнэн юм уу худлаа юм уу гээд л тойруу замаар асуугаад байх шиг байна. Нэгэнт үнэн худлаа гэдгийг чи ч би ч нотолж чадахгүй учраас ингээд орхие. Ихэнхдээ хүмүүс ирж нэвтрүүлэгт маань яриагаа өгдөг байсан. Хааяа жүжигчидээр орлуулах тохиолдол бол гардаг байсаан нуугаад яахав. Гэвч нэвтрүүлэг маань заримдаа хэтэрхий үнэмшилтэй болсон гэсэн гомдол ирдэг байсан.

- Таны уран бүтээлийн талаар сонирхвол. Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ ?
Найруулагч О.Батзориг: Өнгөрсөн хугацаанд бие даасан чөлөөт уран бүтээлчдийнхээ адилаар л амьдарч ирлээ. Оны өмнөхөн хүүгийнхээ нэрээр нэрлэсэн "Очир фильм" студийг нээн ажиллууж эхлээд байна. Хамгийн сүүлд чансаа шалгасан томоохон ажилуудын нэг  гэвэл орчин үеийн бүжгийн "Mongolias Best Dance Сrew" нэвтрүүлгийг санаачилан найз найруулагч Ж.Чингүнтэй хамтран хийж гүйцэтгэсэн. Мөн "Би Хайртай" хэмээх олон ангит кинонд зураглаачаар ажиллаа.

- "Mongolias Best Dance Сrew"2 гэж болох уу? Болвол хэдийгээр болох вэ?
Найруулагч О.Батзориг: "Mongolias Best Dance Сrew"2 болдгоороо болно. Яг тодорхой хугацаа хэлж мэдэхгүй байна. Энэ удаагийн тэмцээн маш өрсөлдөөнтэй болохоор харагдаж байгаа. Шагнал өндөр. Шинээр олон хамтлаг бүрдсэн. Мөн насны ангилал хуучин 18-с дээш байсан бол энэ удаагийнх 11–ээс дээш болсон. 11 настангууд 25 хүртэлх насныхантай өрсөлдөнө гэсэн үг. Бүр онц сонирхолтой болно. Эхэлж өгөхгүй удаад байгаа шалтгаан нь мэдээж мөнгө. Тайз дэлгэц хосолсон зрителтэй хийгддэг учраас маш өндөр зардлаар бүтдэг. Гэхдээ ямартай ч удахгүй хийгдэнэ. Хамтлагууд бэлтгэлээ сайн хийж байгаарай гэж зөвлөе.

-Дош кино юу болсон бэ? Хэсэг шуугиан тарьж байгаад сураг алдарлаа.
Найруулагч О.Батзориг: "Дош" бол мөн л том төсөл. Нэг реалити хийчээд л шоуны ялагч гээд хэдэн бүлтийсэн хүүхдээр яаруу сандруу кино хийдэг. Тэр менежмэнтээс татгалзахаар шийдсэн. Чанартай бүтээл болгохын тулд яарахгүй байгаа. Цаг нь болхоор даацтай кино хийж үзэгдэд хүргэнэ.

- Шөнө дундын яриа нэвтрүүлэг дахин дэлгэцнээ гарах нь.?
Найруулагч О.Батзориг: Тиймээ.Гэхдээ энэ удаад нэвтрүүлэг биш кино болон үзэгчдэд хүрнэ.

- Аймшигийн кино хийгдэх нээ?
Найруулагч О.Батзориг:
Аймшигийн кино нь дотроо
1.Body horror
2.Comedy horror
3.Gothic horror
4.Natural horror
5.Psychological horror
6.Science fiction horror
7.Slasher horror
8.Splatter horror
9.Zombie horror
гэсэн 9 төрөл байдаг.Үүний Comedy horror чиглэлээр хийхээр зохиол нь гарсан байгаа.
Тэгэхээр "Шөнө дундын яриа" кино маань жинхэнэ зугаа гэсэн үг. Манайхан Dark comedy гэсэн жанртай холиод л байх юм. Сомеdy horror бол бүр тусдаа урсгал. Зохиолыг санасандаа хүртэл бичиж чадсан гэж бодож байгаа. Манайд яг энэ төрлөөр өмнө нь төдийлөн кино хийгдэж байгаагүйн байна лээ. Зохиол дээр OPOZIT хамтлагийн дуучин А.Гантулгатай хамтран ажилласан.

- Опозит хамтлагийн талаар сонин юу байна. Яаж яваад кино зохиол руу халтирваа.?
Опозит А.Гантулга: Манай хамтлагийн Энэрэл хол байгаа учраас одоохондоо хамтарч дуу гаргаагүй байна. Миний хувьд бие даасан цомог гаргахаар ажиллаж байна. Очир фильм студи дээр атьд хөгжмийн Stay хамтлагтай хамтарсан "Сүүдэр" дуу болон СГЗ Ш.Ёолк ах жүжигчин Х.Бадамцэрэн нартай хамтран дуулсан "Бодлын сүнс" дууны  клипээ хийлгэж байна. Мөн 2016 entertainment-ийн дэргэдэх T-Records студид шинэ цомгийн дуунуудаа бичүүлэн ажиллаж байна. Найруулагч О.Батзориг ах бид хоёр уран бүтээлийн болон амьдралын найзууд. Тэр утгаараа намайг зоригжуулж урам өгсөн учраас кино зохиол хамтран бичиж дуусгалаа. Миний хувьд диалоги дүрүүдийн харилцан яриан дээр голлон ажилласан.

Найруулагч О.Батзориг:  Шөнө дундын яриа кино зохиол 30 минутын гурван хэсэг жижиг киноноос бүрдэж байгаа. Инээдэм-50%, Аймшиг-30% , Үлдсэн-20%  нь ритмтэй холбоос бүхий үйл явдлуудаар үргэлжилнэ. Сюжет үйл явдал өрнөлийг нь би бичсэн. Харилцан яриа диалогийг Гантулга бичсэн. OPOZIT гэж ямар чансааны хамтлаг гэдгийг залуус маань мэдэж байгаа.Тэгхээр дүрүүдийн харилцан яриа сэлт дээр санаа зовохгүй байгаа.

-Кино хэдийгээр гарах төлөвлөгөөтэй байна. Аль нэг студи production-тай хамтрах уу?
Найруулагч О.Батзориг:  Ирэх намар үзэгчдийн хүртээл болгох зорилго тавьж байна. Гэхдээ хол замыг төлөвлөдөггүй гэдэг дээ. Одоогоор BIG LINE FILM-тэй хамтран ажиллах талаар яригдаж байна.

- Ярилцсанд баярлалаа
Чамд ч бас...