2012/05/22

Academy Awards 2012-т нэвтрэхүй

Магадгүй, дараагийн шинэ киноны тухай сураг ажиг маргааш дуулдаж ч мэднэ. Өдөр бүр биш ээ гэхэд бид өнжөөд нэг кино бүтээл, туурвилын тухай, нээлтээ хийх болсон, үзэгчдэд хүрсэн, эс бөгөөс зурганд гарсан, кастинг хийсэн, трейлэр, постероо дэлгэсэн, саунд трейкээ цацсан тухай мэдээ сонсдог болсон энэ үед үйлдвэрлэл болон урлалын чанар, стандарт, ур хийц, арга барил, цаашлаад эрэмбэ чансааны асуудал зүй ёсоор сонирхол татна. Канны наадмын босгон дээр болсон Монголын "Аcademy Аwards 2012" сүр дуулиан, хэл ам, итгэл эргэлзлийн дунд болж өнгөрлөө. Элдэв ёслол, шоу цэнгээнүүдийн дотроос хамгийн зайлшгүй агаад чухалд тооцож болох кино наадам урлагийн мөн чанар, гүн агуулгын дотоод алсралыг үзэгчдэд нээн харуулж барахгүй ч монгол киночдын ажил үйлдвэрлэлийн цараа, ялгарлыг тодорхой хэмжээгээр илтгэж чадсан гэвэл хэтийдсэн дүгнэлт болохгүй. Урьд өмнөх жилүүдэд нийслэлийн Соёл урлагийн газартай хамтран "Улаанбаатар кино фестиваль" нэрээр явуулж байсан наадмаа найруулагч Б.Цогтбаяр тэргүүнтэй Монголын Кино урлагийн академи энэ удаа бие даан зохион байгуулав. Наадмын ерөнхий шүүгчээр Төрийн соёрхолт, УГЗ Б.Балжинням, шүүгчдээр Ардын жүжигчин, УГЗ Б.Мөнхдорж, түүний дүү, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Мөнхболд, "Хамба фильм" студийн найруулагч Б.Ганболд, зураглаач Б.Лхагвадорж, зураач Т.Гоош нар ажиллажээ.

Өнгөрсөн намар зөвхөн "Тэнгис" кино театрт 43 уран сайхны бүтээл "оочер захиж" мэдүүлгээ өгсөн байлаа. Гэвч бүгдээрээ он солигдохтой уралдан гарч амжилгүй, өвөл, хаврыг дамнасан. Өнөө хэр үзэгчидтэйгээ "нүүр тулаагүй" нь ч бий. Ямартай ч "Academy Awards 2012"-ыг хүртэл дээрхээс 30 гаруй нь нэгэнт дэлгэцэнд шилжиж амжсан ч наадамд 12 нь зодоглов. Нийт 18 номинацитай шалгаруулалтад "Хөх толбот хүмүүс" 9, "Орлон тоглогч" 5, "Ээж ээ" 2, "Долоон бурхан харвадаггүй" 13, "Сүүдрийн гэрэл" 5, "Богд хаан" 8, "Бодлын хулгайч" 10, "Нар сарны зааг" 7, "Нэг биений хоёр зүрх" 5, "Тэнгэрийн хүү" 5, "Хүний хүүхэд" 10, "Миний ахын эхнэр" 5 номинациар нэр дэвшсэн бол "Шилдэг баримтат кино" төрөлд гурван бүтээл өрсөлдсөнөөр Г.Батбаатарын "Дөрвөн бүлэгт амьдрал" шилдгээр шалгарлаа. Бусад уран сайхны кинонууд наадмын "босгоор алхаагүйд" учир шалтгаан бий л байх. Өвөр Монголын "Нүүдэл соёл" компаний өмчлөлд буй "Аравт"-ын хувьд лав өмнөд хөршид нээлтээ хийж амжаагүй нь албан ёсоор үзэгчдэд хүрсэн гэж үзэхэд хүндрэл үүсгэсэн дуулдана лээ. Ийм "албан ёс"-гүй болохоор энд тэндэхийн наадам, фестивальд зодоглох эрхгүй байдаг аж. Хэдийгээр Монголын киноны "өнөр бүл" бүрэн бүтнээрээ цуглаагүй ч "Academy Awards 2012" үндэсний дэлгэцийн бүтээлийн чиг хандлага, хүрсэн түвшин, агуулгын хүрээ болон арга барилын олон талыг харуулахад хүчин мөхөстсөнгүй.

"Academy Awards-2012" наадмын шилдгүүд:

1.  Гран-при шагнал: "Бодлын хулгайч"
2.  Шилдэг эрэгтэй дүр: Б.Амарсайхан "Бодлын хулгайч"
3.  Шилдэг эрэгтэй туслах дүр: Ц.Цэрэнболд "Богд хаан"
4.  Шилдэг эмэгтэй туслах дүр: Ш.Дэлгэржаргал "Бодлын хулгайч"
5.  Шилдэг найруулагч: Ш.Доржсүрэн "Хөх толбот хүмүүс"
6.  Шилдэг зураглаач: Д.Ангараг "Бодлын хулгайч"
7.  Шилдэг зураач: Ж.Цог, Н.Батжаргал "Долоон бурхан харвадаггүй"
8.  Шилдэг дуу: Б.Дашдондог "Хүний хүүхэд"
9.  Шилдэг хөгжим: Н.Жанцанноров "Богд хаан"
10. Шилдэг монтаж: Ш.Мөнхбат "Долоон бурхан харвадаггүй"
11. Шилдэг дууны найруулагч: Б.Баттуваан "Бодлын хулгайч"
12. Шилдэг зохиол: Д.Төрмөнх "Бодлын хулгайч"
13. Шилдэг дүрсний эффеккт: Ш.Тансаг "Нэг биений хоёр зүрх"
14. Шилдэг нүүр будалт: Б.Дагирмаа, Б.Сүрэнцэцэг "Хүний хүүхэд"
15. Шилдэг дебют: Я.Хангарьд "Орлон тоглогч"
16. Шилдэг хөрөнгө оруулагч: М.Равданжамц "Хөх толбот хүмүүс"
17. Шилдэг баримтат кино: Г.Батбаатар "Дөрвөн бүлэгт амьдрал"

Киноныхондоо хүлээн зөвшөөрөгдсөн шүүгчдийн нарийн няхуур шалгаруулалтад "Wisdom Film" продакшн болон найруулагч Ж.Сэнгэдоржийн "Бодлын хулгайч" уран сайхны кино тэнцэж, шилдгийн шилдэг боллоо. Бодит үйл явдал, бодит дүрээс босгосон энэ кино үнэхээр шидээвэр туурвил болсныг үзэгчид ч үнэлсэн. Үйл явдлын өгүүлэмжийг дүрслэлтэй гүн гүнзгий уяж, үзэгдэх байдлын илэрхийллээр сэтгэлийн үйл явдлыг тод томруун харуулж чадсан нь энэ киноны онцлог. "Ерөн саяын Гансүх"-ийн тухай зохиолоороо "Academy Awards 2012"-ын цом хүртээд гарч ирэхдээ Д.Төрмөнх "Эх орноосоо би анх удаа цом хүртлээ. Миний урьд өмнө гадаад орнуудаас авч байсан цомнуудаас их хүнд байна. Хүнд, даацтай байна. Учир нь энэ цом үндэсний наадмын шагнал болохоор аргагүй байх" гэж догдлон, бас бардамнан өгүүлсэн юм. Түүний зөв байв. Кино зохиолын онол, практикийн хангалттай туршлага, мэдлэгтэй тэрээр "Бодлын хулгайч"-даа гарцаагүй хэн ч даван гарч хүчрэхгүй ур чадвараа харуулан, 1990-ээд оны эхэн үеийн Монголын нийгмийн амьдралын фонон дээр хүний амьдрах тэмүүлэл, хүсэл шунал, хайр итгэл, элбэрэл журам хэрхэн цоролзон тэмцэж байгааг ер бусын гоёмсгоор гаргаж бичсэн юм. Магадгүй, зарим нэг нь түүний дүрсэлсэн үйл явдал нь бодит түүх, гол дүр нь бодит хүн болохоор уран сэтгэмжийн явдал, дүрүүдийг сэтгэн бодож, урлан гаргахаас хамаагүй хялбар гэж хэлж мэдэх л юм. Харин ч болсон явдал, үйлийн зангилааг залгах замаар гол дүрийн тавиланг сэтгэлзүй, зан чанар, үзэл санаа ба тэдгээрийн хувирал өөрчлөлтөөр биежүүлэн, хувь хүн болгох гэдэг туйлын ярвигтай. Үүнийг тэр бүр зохиолч болгон чадахгүй.

Шилдэг зохиолч Д.Төрмөнх
Дэлгэцийн бүтээлийн амин сүнс нь зохиол юм гэдгийг манай киночид, ялангуяа найруулагч нар сүүлийн үед хангалттай ойлгож байгаа. Ж.Сэнгэдорж зохиолчоосоо өгсөн өгөгдлүүд дотроос Гантулгын дотоод тэмүүллийг барьж авч, дэглэлтийнхээ фокусыг түүний хувь хүний мөн чанар руу тусгасан нь зайлбаргүй зөв шийдэл байв. Энэ шийдэл найруулагчийн чадвар чансаа гэхээсээ илүү мэдрэмжийг илтгэнэ. Хэдийгээр түүнийг "шилдэг найруулагч"-аар шалгаруулаагүй ч бүтээл нь Гранпри шагналаас гадна шилдэг эрэгтэй гол дүр (Жүжигчин Б.Амарсайхан), шилдэг эмэгтэй туслах дүр (Жүжигчин Ш.Дэлгэржаргал), шилдэг зураглаач (Д.Ангараг), шилдэг дууны найруулагч (Б.Баттуваан), шилдэг зохиол (Д.Төрмөнх) гэсэн таван номинациар шагнал хүртсэн нь хангалттай үнэлэмж болж чадсаныг дурдахаас аргагүй. Өөрөөр хэлбэл, эдгээр шагналууд найруулагч Ж.Сэнгэдоржид давхар оногдоно.
Гранпри шагналын эзэд. "Бодлын хулгайч"

Олон улсын нэр хүндтэй наадмуудыг жишгээр бол шилдэг найруулагчийн кино шилдэг бүтээлээр тодрох харилцан хамаарал харьцангуй элбэг. Гэхдээ заавал ийм шийдэл гаргах ёстой гэсэн шүүлтүүрийн дүрэм журам байхгүй. "Academy Awards 2012"-ын "Шилдэг найруулагч"-аар шалгарсан "Doz" энтертайментийн Ш.Доржсүрэнг хэн ч муу найруулагч гэхгүй. Түүний бүтээж Франц, Хятадад нээлтээ хийсэн "Хөх толбот хүмүүс" өөрөөс нь гадна спонсортоо шагнал авчирсан. Үнэхээр тив дамнуулан зураглаж, Европ, Азийн олон уран бүтээлчдийг нэгтгэн зангидаж ажиллуулсан энэ бүтээл Монголын киночдод продюсинг, үйлдвэрлэлийн шинэ боломж, гарцыг нээж өгснөөрөө онцлог. Монгол хүний сэтгэлгээ, оюун санааны өвөрмөц, нандин уламжлалыг гадаад орны заншил, харилцааны өөр орчинтой эффектлүүлж, үүгээр гол дүрийнхээ дотоод сэтгэлийг уудлан гаргахыг зорьсон "Хөх толбот хүмүүс"-ийн үнэ цэнэ нь ч, зорилго нь ч "монгол хүн" юм. "Монгол хүн"-ий дэлгэцнээ зурагдсан "хөрөг" андуу ташаа, эс бөгөөс худлаа болсон бол шүүгч нар Ш.Доржсүрэнд шагнал олгохгүй байсан нь лавтай.

Шилдэг найруулагч Ш.Доржсүрэн
Наадмын бас нэгэн онцлог бол яах аргагүй Шилдэг дебют бүтээл байлаа. "Noyon film" энтертайнментийн продюсер Я.Хангарьд, найруулагч В.Агар нарын "Орлон тоглогч" өрсөлдөгчгүй байлаа. Триллер жанрын кино олон улсад цөөнгүй хийгддэг ч манайд тэр бүр гарч байгаагүй. Сэтгэлзүйн драм болон адал явдалт зарим кинонд триллерийн элемент мэр сэр хийгдэж байсан ч яг ингэж бүрэн хэмжээгээр бүтээгдэж байгаагүй. Харьцангуй хүнд дүрслэл, илэн далангүй илэрхийллээсээ илүүтэй дүрүүдийн дотоод зөрчилдөөн, сэтгэлзүйн өөрчлөлтийг гаргадгаараа триллер хэцүү. Тийм ч учраас энэ хүнд төрлийг зориглон барьсан В.Агарын ажил яах аргагүй Монголын кино ертөнцөд шинэ үзэгдэл гэж хэлж болно.

Шилдэг зураач Ж.Цог, Н.Батжаргал
Энэ мэтээр "Academy Awards 2012" Монголын кино ертөнц дэх элдэв үзэгдэл, ололт амжилт, цар хэмжээ, ур чадварын түвшинг илтгэн харуулснаас гадна басхүү дутуу гуцууг тольдон тодруулав. Ийн өгүүлэхийн учир нь өмнө өгүүлсэн 18 номинацийн хоёрыг хоосон орхисон явдал. "Шилдэг эмэгтэй гол дүр" номинацид "Нэг биеийн хоёр зүрх" киноны гол дүрийг бүтээсэн дуучин Ц.Хулангаас өөр хэн ч нэр дэвшээгүй байна. Шилдэг дебютийг өрсөлдөгчгүй тодруулсан хэрнээ Ц.Хуланг яагаад тэгсэнгүй вэ гэж хэл ам хийх хэн ч байгаагүй. Учир нь түүний ажил "шилдэг эмэгтэй гол дүр" болоогүй хэрэг. Басхүү эмэгтэй жүжигчдээс уран бүтээлийн нэхэл үлдээсэн цочроо боллоо. Дүрийн сонголтдоо манай зарим киночид буруу систем баримтлаад байгааг энэ үйл явдал харуулж байна гэх дүгнэлт гаргасан ч болохоор. Бас нэг "эзэнгүй" номинаци нь "Шилдэг инээдмийн кино". Сүүлийн жилүүдэд цөөнгүй хийгдсэн арилжааны кинонуудын орлого олох гол хэрэглүүр нь инээдэм байсан. Энэ төрөл өрсөлдөөнгүй байна гэж байхгүй дээ хэмээн үзэгчид таамаглаж байж мэднэ. Гэвч "инээдмийн" хэтийдэл нь уг төрөл жанраа нэг хэсэг урлагийн бус хэлбэрдэл рүү түлхсэн тал бий. Киночид өөрсдөө ч энэ дутагдлаа хүлээн зөвшөөрдөг. Харин өнөөдөр бол инээдмийг өөрөөр, жинхэнэ урлагийн зүй ёсны шаардлага, наад захын дүрэмд нь захируулж хийх цаг. Энэ өнцгөөс нь харвал сонгодог инээдмийн бүтээлүүд одоо л хийгдэж эхлэх гэж байна гэж хэлж болно. Тэгэхээр өрсөлдөөнгүй үлдэж, хоосон хоцорсон нь харин ч зүйн хэрэг байж мэдэх юм. Гэхдээ эдгээр хоосон номинацийн хамгийн гол сургамж бол улам ихийг хийж бүтээх шаардлагыг Монголын киночдод тулгаж байгаа нь юм.
Нийтлэлч Энхболдбаатар