2012/05/17

Баабарын кино 19 гэсэн нэртэй

Монголчуудын дунд Баабар нэрээрээ алдаршсан Б.Батбаяр "19" гэсэн нэртэй уран сайхны киног продюсерласан байна. Өгүүллэг, зохиол бичиж олон нэр хүндтэй болсон энэ хүний бүтээсэн кино хэр болсон бол.

19 уран сайхны киноны найруулагчаар УДЭТ-ын найруулагч Б.Баатар, Төрийн шагналт, кино найруулагч Б.Балжинням, найруулагч И.Нямгаваа нар ажилласан байна. Киноны ерөнхий зохиолчоор Д.Цэнддоо ажиллаж, хөгжмийг Төрийн шагналт, Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Б.Шарав бичсэн байна. 
Найруулагч тус бүр өөрийн хэсгийг найруулсан бөгөөд кино үндсэндээ 3 хэсгээс бүрдэх ажээ.
Үүрцайх хэмээх хүүгийн амьдралыг гурван тусдаа хэсэгт өгүүлсэн уг киноны нэгдүгээр хэсэгт УДЭТ-ын найруулагч Б.Баатар, гол дүр Үүрцайх хүүгийн төрж буйгаас эхлэн бага насны амьдралын харуулна. Хүүгийн бага нас, эцэг эхийн харилцаа, жирийн Монгол айлын амьдралаар эхлэх бөгөөд нийгэмд тулгамдах асуудлууд гэр бүлийг аз жаргалгүй болгоод зогсохгүй Үүрцайх хүүг өнчрүүлж буйг харуулсан байна. Харин хоёрдугаар хэсэгт Төрийн соёрхолт, найруулагч Б.Балжинням хүүгийн өсвөр нас болон анхны хайр, дурлалыг инээдэм, адал явдалтай холбон үзүүлэх юм. Хүний амьдралын үнэ цэнийг харуулсан хамгийн сүүлийн хэсгийг найруулагч И.Нямгаваа "артхаус" төрлөөр харуулсан гэнэ.
Ийнхүү монголын кино урлагын томчуудыг цуглуулж бүтсэн нэгэн кино мэндлэхэд бэлэн болсон байна. 19 уран сайхны кино энэ сарын 25-нд нээлтээ хийхээр товлоод байгаа ажээ.