2012/04/16

James Cameron: Санаанд багтамгүй зүйл болж болдгийг "Titanic"-ийн сүйрэл харуулсан



Дөрөвдүгээр сарын 15-нд алдарт "Titanic" усан онгоц анхны болоод сүүлчийн аяллаа хийсний 100 жилийн ойн өдөр тохионо. Энэ түүхэн өдөртэй холбогдуулан Германы "Spiegel" сэтгүүл Оскарын шагналт "Titanic" киноны найруулагч James Cameronтой ярилцжээ.

-Ноён Камерон, та болон танай багийнхан далайд шумбаж "Titanic" дээр 30 гаруй удаа очсон гэсэн. Юу хийсэн юм бэ?
-"Абиссын сүнснүүд" баримтат киноны зарим хэсгийн зураг авалтыг хийсэн юм. Бид тэр дор яг юу байгааг харахыг хүссэн юм. Үнэхээр сэтгэл хөдлөх байсан шүү. Яг л нэг сансрын ажиллагаа шиг санагдсан. Бид өөрсдөө өндөр техник, технологиор хүрээлүүлсэн сансрын нисгэгчид ч юм шиг. Тэгж байтал харанхуйн дундаас Titanic өөр ертөнцөөс ирсэн юм шиг л гэнэт гараад ирсэн. Би тухайн үеийн нөхцөл байдлыг бодитоор нь илэрхийлэх гэж оролдож байгаа ч үнэндээ маш их сэтгэл хөдлөм мөн байсан болохоор догдлоод болохгүй юм.

-Сэтгэл тэгж их хөдөлсөн гэж үү. Эсвэл далайн мандлаас доош 3800 метрийн гүнд жижигхээн шумбагчтай, буцаж эх газар дээр гарч чадах эсэхдээ итгэлгүй байсан болохоор айсан юм болов уу?
-Тэгсэн тал бий шүү. Нэг өдөр шумбагчид маань техникийн асуудал гараад. Бид шумбагчтайгаа "Titanic"-ийн хитэг дээр газардсан юм. Миний таамагласнаар "Titanic" сүйрч байхад хэсэг хөгжимчид хүмүүсийн тайвшруулахаар хөгжмөө тоглосоор байсан тэр хэсэг дээр бид буусан байсан. Үнэхээр аймаар санагдсан. Харин далайн мандал дээр гарч ирснийхээ дараа би зүгээр л суугаад уйлж эхэлсэн. Тэгэхэд л би 100 жилийн өмнө усан онгоцон дээр болсон тэр эмгэнэлт явдал, хүмүүсийн сэтгэл санааны байдлыг бага ч болов ойлгох шиг болсон. Аврах завинуудын хойноос харж зогссон эрчүүд эхнэр хүүхдээ хэзээ дахиад харахгүй гэж бодоод ямар хэцүү байсан бол доо.

-Гэхдээ түүхэнд "Titanic"-ийнхаас олон хүн нас барсан олон гамшигт осол байдаг шүү дээ. Яагаад үүнийг онцолсон юм бэ?
-Ганцхан тоотой холбож ярьж болохгүй л дээ. Тухайн үед нийгмийн өөрчлөлттэй холбоотой. Технологийн дэвшил гарч, хүмүүс онгоц бүтээж, гэрэл цахилгаан ид хэрэглээнд орсон нэлээд өөдрөг цаг үе байсан. Хүмүүс юм бүрийг нь гэрэл гэгээтэйгээр харж төсөөлж байсан. Усан онгоцны эзэд ч "Titanic"-аар маш их бахархаж, бардамнаж байсан. Гэтэл гэнэт санаанд оромгүй явдал болж, олон хүний ирээдүйн тухай гэрэл гэгээтэй төсөөлөл Titanicтай хамт живсэн. Өнөөдөр ч гэсэн санаанд багтамгүй зүйл гэнэт болохыг үгүйсгэхгүй, цөмийн дайн ч юм уу. Тийм зүйл болж болдгийг "Titanic"-ийн сүйрэл харуулсан.

-Бусад сүйрэл гамшигууд ч байсан харуулсан шүү дээ. Яагаад "Titanic" тийм ихээр нөлөөлсөн юм бол?
-Яагаад гэвэл "Titanic" онгоц болон сүйрэл нь маш онцгой байсан. "Titanic" дээр тавцан дээр нэгдүгээр зэрэглэлийн буюу баян, чинээлэг хүмүүс, дундаж давхаргынхан, доод давхаргынхан мөн хөлгийн багийнхан гээд дөрвөн өөр хэсэг хүмүүс явж байсан. Гэтэл баян хүмүүс, тэдний дотор уурын усан онгоны "White Star Line" үйлдвэрийн захирал, "Titanic" онгоцны эзэн Брюс Исмэй усан онгоцоороо гайхуулахын тулд хөлгийн багийнханд нөлөөлсөн. Тэд усан онгоцыг хэт хурдлуулж, нэг үгээр хэлбэл бусад хүний амьдрал, ирээдүйгээр тоглосон. Гэтэл гэнэт мөсөн уул гарч ирэхэд бүх зүйл оройтсон байсан. Тэр мөсөн уул нь дэлхийн дулаарлын үр дүн. Одоо би Гуамд байна. Хэдэн өдрийн өмнө Микронесиагийн Ерөнхийлөгчтэй уулзахад улс нь маш нам дор газар байдал болохоор дэлхийн дулаарлын улмаас өдөр ирэх тусам живж, жижгэрч байгаа гэж ярьсан.

-Та энэ талаар ч гэсэн кино хийх хэрэгтэй юм биш үү?
-Болох л юм. Кино хийх санаа ер нь хаа сайгүй байна. Ер нь би өөрөө тэгж их мэдрэмтгий ч юм уу надтай ер нь их сонин зүйл тохиолддог юм. 2001 оны есдүгээр сарын 11-нд алан хядагчид АНУ-д 3000 гаруй хүний аминд хүрсэн тэр аймшигт өдөр би "Titanic" руу шумбаж байсан. Тэгээд 12 цагийн дараа л тийм явдал болсныг мэдсэн. Магадгүй дэлхийн бөмбөрцгийн баруун хагаст байсан хүмүүсээс энэ талаар хамгийн сүүлд мэдсэн хүн нь би байсан байх. Тэгэхэд би түүхийн өөр нэг онцгой явдал болж байхад яагаад би түүх рүү шумбаж таарсан юм бол оо гэж бодож байсан. Хүмүүс ер нь яагаад "Titanic"-ийг тэгж их үздэг гэж бодож байна. Зарим нь уйлах гэж. Хагацал гэдэг бидний амьдралын нэг хэсэг. Энэ кино бол хайр үхлийн тухай өгүүлдэг. Хайрын нэг хэсгийг үхэл тодорхойлдогийг харуулдаг.

-Таны бодлоор "Titanic" дээр одоо ч нууцлаг зүйлс олон байгаа болов уу?
-Үл тайлагдах бяцхан нууцууд хаа сайгүй л байдаг. Жишээ нь, бид "Titanic" дээрх усан доороос утасгүй цахилгаан холбоо дамжуулдаг "Marconi" гэдэг өрөөнд яг ослын үеэр юу болж байсан талаар төсөөлж болно. Бид шумбахдаа тэр өрөөний байдлыг ажигласан. Унтраалгуудын байрлалыг харсан. Оператор Жон Филлипс, Харолд Брайд нар цахилгаан эрчим хүчний хяналтаа алдахгүйг хэрхэн хичээж байсан нь тэндээс харагдаж байсан. Брайд амьд гарсан ч Филлипс сураггүй болсон. Брайд энэ талаар ярихдаа "Түүнийг хамгийн сүүлчийн удаа харахад мэдээгээ дамжуулан ажилласаар л байсан" гэсэн байдаг. Магадгүй гэрэл цахилгаан тасарч, утасгүй холбооны машин унтрах тэр агшинд Филлиппс гарах гэж оролдсон л байж таарна. Гэхдээ хэтэрхий хожимдсон байсан байх. "Titanic"-ийн нууц аажим аажмаар үгүй болсоор байгаа. Тиймээс бид заримыг нь хэзээ ч мэдэж чадахгүй байх.

"Titanic"-ийн дурсгалыг хүндэтгэх усан онгоц замын дундаас буцжээ
"Titanic" усан онгоцны дурсгалыг хүндэтгэж, 100 жилийн өмнө дутуу орхисон аяллыг нь гүйцээхээр аянд гарсан "MS Balmoral" усан онгоц замын дундаас буцсан тухай "BBC" мэдээллээ.

Онгоц буцсан шалтгаан цаг агаарын байдалтай ямар нэг холбоогүй бөгөөд зорчигчдын нэг нь хүндээр өвдөж, буцахаас аргагүйд хүрсэн байна.

Усан онгоцны зорчигчдын дунд 100 жилийн өмнө "Titanic" онгоцонд сууж явсан хүмүүс үр ач нар ч багтаж байгаа бөгөөд 12 хоногийн аялал хийхээр төлөвлөөд байжээ.

Харин одоо "Titanic"-ийн дурсгалыг хүндэтгэх аялал 100 жилийн ойн өдрөөс өмнө дахин эхэлж амжих эсэх нь тодорхойгүй байгаа аж.

Gogo Б.Тамир