2012/04/11

Кино урлагийн жижигхэн аварга Danny DeVito

"Би намхан, тарган. Өндөр өсгийттэй бүсгүй хажуугаас минь хараад "Аймшиг" гэж дүгнэж болох л юм" хэмээсэн тэрбээр 152 см өндөр. Түүнийг туранхай гэж хэн ч хэлэхгүй, аймшгийн царайтай юу гэдгийг нь тодорхойлоход бас хэцүү.

-Яахав, би намхан л байгаа биз, гэхдээ авьяастай гэж Дэнни хэлэхэд 180 см өндөр нуруутай найз нь "Тэгэлгүй яахав, чиний халзан толгойд ямар ч хиймэл үс зохино шүү дээ" хэмээн тавлажээ.

Драмын урлагийн бага хурал дээр танилцсаныхаа дараа Манхэттенд өрөө хөлслөн хамт амьдарсан 22 настай хоёр залуугийн хооронд ийм яриа өрнөжээ. Danny DeVito тэр үед жүжигт тоглож, Майкл Дуглас гайхамшигт ирээдүйнхээ тухай зөгнөн ярьж, шар айраг эргүүлдэг байж.

ҮХСЭН МУУРЫН СҮҮЛНЭЭС БҮҮ ЗУЛГАА


Унтахаар хэвтэхийнхээ өмнө Дэнни аавынхаа ажлын өрөө рүү дандаа шагайдаг байснаа хожим дурсан ярьсан. Даниэль Де Вито Америкийг хэрэн хэссэнийхээ эцэст эхнэр авч, өөрийн бизнесээ эхлүүлсэн жирийн л нэгэн байж. Тэрбээр чихэр, боов зардаг жижигхэн лангуу ажил луулж, хожим нь хувцас угаалгын газар, үсчний салон нээсэн аж. Орой бүр бяцхан хүү Дэннидээ өөрийнхөө аяллын талаар ярьж өгдөг байжээ. Хүү нь өсөхгүй байгаад Даниэлийн санаа их зовдог байж. Эмч нарт үзүүлсэн ч тэд тодорхой онош тавьсангүй. Даниэль хүүгээ католик шашны хувийн сургуульд оруулсан байна.

-Биеийн тамирын хичээл дээр гүйхийг үзэн яддаг байлаа. Бас дандаа жагсаалын адагт зогсоно гэдэг ямар гутамшигтай гээч! хэмээн Дэнни сургуулийнхаа он жилүүдийн тухай дурсдаг. Нэг удаа ангийнхаа хөвгүүдийг тэрбээр тамхиар дайлжээ. "Хаанаас тамхи олсон юм бэ" гэхэд нь "Хогийн саван дотроос муурын сэг олсон юм. Тэгээд л сүүлийг нь тайраад, доторхийг нь ухаж гаргаад тамхи чихчихсэн юм" хэмээн Дэнни хэнэг ч үгүй "залсан" байна. Тоглоом, шоглоом хийх дээ гарамгай "тагжгар" шөнө дунд булшнаасаа босоод хүмүүсийг гижигддэг үхдэлүүд, хав хар өрөөнд тарган эхнэрээ хорьчихдог хөрш гээд хачин сонин зүйлсийг зохиож ярьдаг байсан гэдэг. Хожим нь тэрбээр яриаг нь амтархан сонсдог байсан ангийнхаа хүүхдүүдээс уучлалт гуйж "Үхсэн муурын сүүлнээс битгий зулгаагаарай" гэж "захисан" аж.

Дэнни сургуулиа төгсөөд эгч Анжелагаа даган үсчний газарт ажиллаж эхэлжээ. Жижиг сандал дээр гарч зогсоод хүмүүсийн үс засдаг байсан Дэнни Жек Николсоны хамаат нуудыг азаар таньдаг байж. Холливудын жүжигчин Жек Николсоны "Аймшгийн лангуу" хэмээх кино үзсэнийхээ дараа Дэнни аавынхаа өрөөнд ороод жүжигчин бо лох хүсэлтэйгээ хэлсэн байна. Балмагдсан аав, ээж, эгчийнхээ царайг хараад Дэнни "Тайвширцгаа, би Холливудэд очоод хэдэн сар болж, үс хэрхэн засах, нүүр будахыг сурчихаад эргээд ирнэ" гэж "залжээ".

Дурласан хархүү, халамжтай нөхрийн дүрд Де Вито чадмаг тоглодог. Дэнни нэгэн жүжигт тоглосныхоо дараа үзэгчдийн суудалд суугаа бүсгүйг олж харжээ. Буржгар үстэй, өөрөөс нь нэлээд өндөр, урт хамартай тэр бүсгүйг Риа гэдэг. Майкл Дугластай хамт өрөө хөлслөн амьдардаг байхдаа Дэнни ирээдүйн эхнэртэйгээ ийн танилцжээ. Майкл тэр үед Лос-Анжелес руу явж таарсан бөгөөд Дэнни жижигхэн өрөөндөө бүсгүйг дагуулан ирж хамт амьдар сан байна.

Дараа нь Дэнни Софи Лорентой хамт кинонд тоглож, Риа "Тавтай нойрсоорой" хэмээх киноны зохиол бичиж эхэлжээ. Хоёулаа зорьсондоо хүрэхээс нааш гэрлэхгүй гэж тэд шийдсэн байна. Төдөлгүй Риа "Минестроне" киногоороо Каннын кино наадамд оролцсон билээ. "Хөхөөний үүрэн дээгүүрх нислэг"-т тоглосноос хойш есөн жилийн дараа Дэнни кино ертөнцөд эргэн ирлээ. 1982 онд Дэнни Риа хоёр гэрлэлтээ батлуулах үед Майкл Дугласын хүү Камерон таван нас хүрч байжээ. Ууган охин Люси Чет нь төрсний дараа Дэнни жил гаруй хугацаанд ажлаасаа хөндийрч, тамхинаас бүрмө- сөн гарсан юм.

"Чулуутай нөхөрлөсөн нь", "Нилийн сувд" зэрэг кинонд тоглосныхоо дараа тэрбээр найруулагч, продюссерээр дагнан ажилласан юм. Дэнни эхнэрийнхээ хамт "The Jersey Pictures" нэртэй студи үндэслэсэн бөгөөд 12 кино бүтээжээ.

Хүмүүс яагаад намайг хөгжилтэй хүн гэж боддогийг мэдэхгүй. Магадгүй тэд намайг сайн мэддэггүйдээ тэр байх. Тухайлбал, хамгийн сүүлд би сургуульд байхдаа л өндөр болох юмсан гэж хүсэж билээ.

****

Миний хувцасны өрөө рүү орох юм бол та хар өмд, хар цамц, хар дотуур хувцас, хар цув л олж харна. Ээж минь нэг удаа хар өнгийн хувцас хүнийг туранхай харагдуулдаг гэж хэлсэн. Тэгээд л тэр. Түүнээс гадна би сүүлийн 10 жил хоолны дэглэм сахиж байна.

****

Би хүүхэлдэйн кинонд дуу оруулах дуртай. Дууг нь оруулж байгаа дүрүүд маань дандаа гоолиг байдаг учраас тэр л дээ.

****

Би өөрийн гэсэн усан сантай болохыг дандаа мөрөөддөг байсан. Хүүхэд байхдаа ч гэсэн жижигхэн нүх ухаад, түүн рүүгээ ус хийж тоглодог байсан. Хааяа тэр нүхэндээ ороод "шумбана". "Такси" кинонд тоглосныхоо төлөө авсан мөнгөөрөө усан сантай байшин худалдан авсан.

****

Хүмүүст инээх боломж өгөхгүй байна гэдэг хамгийн аюултай зүйл. Үргэлж уйтгарлаж, гунигладаг хүмүүсийг хараад тэднийг би үнэнээсээ өрөвддөг.

****

Би суралцах дуртай. Хүн бүхнээс, алхам тутамдаа суралцдаг. Магадгүй үхэж байхдаа ч би амьдралыг судалсаар байх ч юм бил үү.

****

Холливуд бол ширэнгэн ой. Тэнд шатам халуун элс, цус сорогч новшнууд, махчин амьтад байдаг.

****

Хүн байдаг хамгийн муухай зан бол атаа хорсол. Атаархал хүнийг дотроос нь хэмлэж, хамгийн дотно нөхрийг нь багалзуурдуулдаг араатан.

****

Сургуульд байхад хэн ч намайг дээрэлхэж, шоолж байгаагүй. Харин Майкл Дуглас намайг дандаа тавлаж, тохуурхдаг. Гэхдээ би тэр "чөтгөртэй" бараг бүх насаараа л нөхөрлөж явна.

Өнөөдөр сонин Х.ОД