2012/04/30

Монголын кино урлагийг дэлхийд гаргах хөлөг нь Хятад

Кино урлаг өдрөөс өдөрт хөгжсөөр байгаа тухай амтай болгон ярих боллоо. Үүнийг үгүйсгэх аргагүй. Уран бүтээлчдийн сэтгэхүй, зүтгэл нэмэгдэж байгаа болохоор кино урлаг хөгжих аргагүй шүү дээ. Логик нь тийм юм.

Харин манай уран бүтээлчид хэзээнээс нааш Холливудад гарах, Европын том том кино наадмуудын шагналыг хүртэх тухай ярьж, мөрөөдөж, зарим нь томорсоор ирсэн. Гэхдээ бид шууд Европ, Америк руу гарч, кино урлагаараа бут цохино гэж байхгүй. Монгол кино, ахуй, сэтгэхүй хүрэхгүйдээ биш. Зүгээр л эхний ээлжинд бид шат ахих хэрэгтэй шүү дээ.

Тиймээс бид эхлээд Хятадад киногоо таниулж, тэр том зах зээл дээр байр сууриа олох хэрэгтэй байна. Монголд гарч байгаа кино болгон Хятадад нээлтээ хийж, үзэгчдийг нь байлдан дагуулж эхэлбэл сайн биз дээ. Тэгэхийн тулд зөв сэдэв сонгож, Өвөрмонгол, цаашлаад Хятадын уран бүтээлчидтэй хамтарч ажиллах шаардлагатай. Мөн манай уран бүтээлчид ч гэсэн Өвөрмонголын, Хятадын киночидтой хамтарч байж Азид танил болох замаа засах хэрэгтэй шүү дээ.

Энэ замыг гайгүй засч өгсөн уран бүтээл бол яах аргагүй "Аравт" болж байна. Манай бизнесмэнүүд, төрийн түшээд, эрх мэдэлтнүүд бараг нууц амрагаа эрхлүүлэхийн тулд өдөртөө хэдэн саяар нь үрж байгаа. Тийм байж түүхэн сэдэвтэй, аятайхан уран бүтээл хийх гээд тусламж гуйхаар "гар тэнийдэггүй" гэж байгаа.

"Аравт" киноны уран бүтээлчид ч ийм шалтгаанаас үүдэж урд хөршийг зорьсон юм гэсэн. Гэхдээ тэр нь ч сайн болж. Өвөрмонголд төдийгүй Хятад, цаашлаад Азид танил болсон жүжигчинтэй хамтарч уран бүтээл хийлээ. Энэ замаараа урагшилбал Холливудад алдаршсан, дэлхийд танигдсан жүжигчидтэй хамтарч уран бүтээл хийж ч болох. Тэгж гэмээнэ Монголын кино урлаг нэг шатаар ахина шүү дээ. Нэр хүндтэй уран бүтээлчидтэй хамтарч ажилласан, чадалтай технологи ашигласан гэдэг утгаараа. "Аравт" өнөөдөр Монголд нээлтээ хийж, Өвөрмонгол жүжигчид ирж байна.

Цаашлаад Хятадад энэ кино нээлтээ хийнэ гэсэн. Тэр үеэр манай жүжигчид очно шүү дээ. Тэр үеэр хэнд ч юм бэ анзаарагдах ч юм бил үү. Ерөөс Хятадын кино урлаг дэлхийд өрсөлдөж эхэлж байна. Холливуд хүртэл киногоо Хятадын зах зээл гаргаж эхэлж байна. Тэгэхийн тулд Хятадаас олон жүжигчинг Америкийн кино урлагийн тогоонд "чанаж" эхэллээ. Энэ нь цаанаа ашиг орлогоо бодож буйтай холбоотой.

Хамгийн их ашиг орлого олсон киноны жагсаалтыг тэргүүлж байгаа уран бүтээл болгон Хятадад нээлтээ хийсэн байх жишээтэй. Худал хэлсэн хүнд тэр кинонуудын ямар нэг жижиг, том дүрд Хятад жүжигчин тоглож байна. Хоёр тэрбум хүнтэй зах зээл гэдэг хүчтэй. Нөгөө талаар өмнө хөршийнхөн өөрсдийн кино урлагаа Холливудын стандартад нийцүүлж хийхээр хичээж эхэлж. Тэр ч утгаараа Америкаас дэлхий дахинд нэрд гарсан жүжигчдийг урьж, кинондоо тоглуулдаг болж.

Энэ бол Хятадын кино дэлхийн хэмжээнд гарч эхэлж байна гэсэн үг. Тиймээс манайхан юуны өмнө Хятадын зах зээлд кино урлагаа гаргах хэрэгтэй байна. Тэдний техник технологи, хөрөнгө мөнгийг болж өгвөл ашиглая л даа. Хятад бол Монголын кино урлагийг дэлхийд гаргах хөлөг онгоц болох учиртай. Тэр хөлгөнд сууж байж бид далай гаталж, барууныг зорино.

Зарим хүмүүс Оросоор дамжиж гарч болно гэх байх. Гэхдээ дорнын сэтгэхүй гэдэг утгаараа арай нийцэх болов уу. Хамгийн гол нь бид сэдвээ зөв сонгох хэрэгтэй байх. Тэгээд аль болох талаас үзээд байж дээ.
 Нийгмийн толь Н.Пунцагболд