2012/04/03

Хилчдийн тухай 60 ангит кино дэлгэцнээ гарна

МҮОНТ-ийн уран бүтээлчид Батлан хамгаалах яамтай хамтран “Тусгай салаа”, Эрүүл мэндийн яамтай хамтран “Өдөр өдрийн нар” гээд тухайн ажил мэргэжлийн онцлогийг харуулсан олон ангит кинонууд бүтээж олны хүртээл болгосон. Харин тэд энэ удаад Монгол Улсын хил, Хил хамгаалах байгууллагын үүсэл хөгжил, үе үеийн хилчдийн түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, гавьяаг нийтэд сурталчилах үүднээс телевизийн олон ангит уран сайхны кино хийхээр болжээ. Тэд энэ саналаа Хил хамгаалах Ерөнхий газрын удирдлагуудад тавьсныг тус газрын удирдалгууд талархан хүлээн авсан байна. 

Нийт 60 ангитай уг киноны зураг авалт энэ сарын 5-наас Булан дэрсний хилийн харуулд болсон үйл явдлаар эхлэх юм байна. Киноны зохиолыг Монгол Улсын төрийн шагналт, МЗЭ болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналт зохиолч Д.Норов бичиж, найруулагчаар нь МҮОНТ-ийн найруулагч Н.Энхтүвшин ажиллаж байна.

 Жил хагасын хугацаанд кино зураг авалт үргэлжлэх бөгөөд хилчдийн кино одоогийн байдлаар цааснаа “Босго, тотго” нэртэйгээр буугаад байгаа аж. 

Эх сурвалж: Д.Цэцэг /шууд.мн/