2012/04/19

Мөнх тэнгэрийн хүчин дор 20 жил

Төрийн Соёрхолт кино найруулагч, Урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Балжиннямын бүтээл "Мөнх тэнгэрийн хүчин дор" киноны 20 жилийн ой энэ жил тохиож байна. Чингис хааны тухай өгүүлсэн монголчуудын бүтээсэн хамгийн сайн киногоор "Мөнх тэнгэрийн хүчин дор" кино нэрлэгддэг. Нийгмийн задралын үе 1990 онд бүтээгдсэн гэхэд энэ кино гайхалтай сайн уран бүтээл болж чадсан гэж манай кино шүүмжлэгчид үнэлдэг бүтээл юм. 

Кино оператор, найруулагч Б.Балжинням гуай Монголын соёл урлагийн салбарт 50 жил ажиллахдаа "Моторын дуу", "Эх бүрдийн домог", "Дэгдээхэй нас", "Сүхболдын яриа", "Гарын таван хуруу", "Говийн зэрэглээ", "Би чамд хайртай", "Тань руу нүүж явна", "Сүүдэр", "Мандухай цэцэн хатан", "Мөнх тэнгэрийн хүчин дор" зэрэг уран сайхны 20 гаруй кино, "Алтайн магтуу", "Тегеран 1973", "Монгол оронд айлчилна уу" зэрэг баримтат кино бүтээж, 10 орчим кино зохиол бичжээ.

"Мөнх тэнгэрийн хүчин дор" кинонд тоглосон олон жүжигчид өнөөг хүртэл уг киноны дүрээрээ ард түмэнд танигдаж ирсэн байдаг.

"Мөнх тэнгэрийн хүчин дор" кино бүтээгдэсний 20 жилийн ойг тохиолдуулж Монголын үндэсний кино урлагийн академи ээлжит эрдэм шинжилгээний бага хурлаа "Мөнх Тэнгэрийн Хүчин дор 20 жил" сэдвийн дор хуралдуулахаар болсон байна. Хурлаар уг киног тойрсон кино судлал шүүмж, илтгэлүүд илүүтэй тавигдахаас гадна Монголын кино урлагт тулгамдаж буй зарим асуудлууд ч хөндөх ажээ.

Эрдэм шинжилгээний хуралд тавигдах илтгэлийг энэ сарын 6-наас Монголын үндэсний кино урлагийн академийн байр, 104 тоотод хүлээн авч эхэлсэн бөгөөд эрдэм шинжилгээний хурал энэ сарын 26-нд 14.00-18.00 цагт "Чингис" зочид буудлын хурлын танхимд болно.