2012/03/24

Их жанжны дүрийг эгэл залуу бүтээжээ

Энэ сарын 18-нд “Тэнгис” кино театрт нээлтээ хийсэн түүхэн бүрэн хэмжээний уран сайхны “Долоон бурхан харвадаггүй” кинонд их жанжны дүрийг бүтээсэн “Буянт-Ухаа” боомтын шалгагч офицер Д.Эрдэнэмөнхтэй цөөн хором хөөрөлдлөө. Мэргэжлийн жүжигчин биш ч гэсэн их жанжны дүрийг чадварлаг бүтээсэн залуутай хөөрөлдөж суухад эх орон, тусгаар тогтнол сэтгэл зүрхэнд нь нэвт шингэсэн байсныг олж харсан юм.
-“Долоон бурхан харвадаггүй” кинонд анх яаж тоглох болов?

-Миний төрсөн ах МҮОНТ-ийн 600 студийн зураачаар ажилладаг. 2010 онд Хилийн цэргийн дээд сургууль төгсөөд командлагчаасаа цол, тэмдгээ авчихаад ёслоод алхаж яваа миний зураг байдаг юм. Манай ах тэр зургийг кино багийнханд явуулчихсан байсан. Маргааш нь над уруу яриад “Ирж пробонд орооч ээ. Үзэх шаардлагатай байна” гэсэн. Хамгийн анх удаа пробонд орж байсныг ч хэлэх үү жаахан сандарч байсан.

-Их жанжны дүрийг бүтээх болсноо сонсоод хамгийн анх төрсөн сэтгэгдэл?

 -Би мэргэжлийн жүжигчин биш. Тийм болохоор баярлахаасаа илүү шоконд орсон. Нэг ч удаа кино, жүжгийн гол дүр байтугай туслах дүрд ч тоглож үзээгүй цэргийн хүн чинь эмээнэ биз дээ /инээв/. Миний алба хашдаг цэргийн ангийн дарга нар, гэр бүлийнхэн маань маш их дэмжсэн. Үүнээс урам аваад “Би ер нь чадах юм байна” гэсэн зориг орсон л доо. Ийм дэмжлэг, ойлголцол байгаагүй бол том уран бүтээлийн ард гарч чадахгүй л байсан болов уу.

-Цэргийн хүн болохоор жанжны дүрийг бүтээхэд ойр байсан байх. Нөгөө талаас мэргэжлийн жүжигчин биш болохоор жүжиглэлтийн тал дээр хүндрэл гарч байв уу. Кинонд тоглосон жүжигчдээс хэр зөвлөгөө авдаг байв?

-Кино багийнхан маань эхлээд зуны натурт Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Хонд-Өргөө гэдэг газар гарсан л даа. Тэгээд Монголын урдаа барьдаг том жүжигчидтэй тоглосон болохоор жүжиглэлтийн хувьд хүндрэл бага гарсан. Бүх л жүжигчид их, бага гэлтгүй зөвлөгөө өгч байсан нь том дэмжлэг болсон. Тэр ч байтугай зарим нь “Энэ текстээ ингээд хэлээд үзвэл яаж байна. Тэгвэл илүү амьд болох байх” гэх мэтчилэнгээр хэлж өгдөг байлаа. Сүүлдээ дүрдээ ороод ирэхээр илүү хялбар, амьд болдог юм байна гэдгийг ойлгоод дүрдээ орж эхэлсэн.

-Кино натур дээр зураг авахуулж байхдаа шантрах, халшрах үе байсан уу?

-Жүжигчин хүн биш болохоор хэцүү, халшрах үе байсан. Харин цэргийн хүний хувьд тушаал авсан цэрэг ямар байдаг билээ. Яг л тэр хэмнэлээр ажилласан. Мөн “Надад ухрах зам байхгүй. Нэгэнт эхлүүлсэн тулааныг дуусгах ёстой” гэсэн шаардлагыг өөртөө тавьж ажиллаж байсны хүчинд ойрын хэдэн жилд Монголын кино урлагт хийгдээгүй том уран бүтээлийн ард гарсан байх.

 -“Долоон бурхан харвадаггүй” кино жил гаруй хугацаанд хийгдлээ. Өвөл, зуны натурт гарахаас эхлээд ар гэр, ажил амьдрал хаягдах гээд байдаг. Энэ бүгдийг яаж зохицуулж байв?

 -Хилийн 0218 дугаар ангийн дарга хурандаа Г.Ганбат, штабын дарга Л.Цогтжаргал хоёр маань цалинтай чөлөө өгч дэмжлэг үзүүлсэн. Мөн гэр бүлийнхэн маань “Миний хүү явчихаад ир. Жанжны дүрийг бүтээх их хувь заяа хүн болгонд олдохгүй” гэж хэлсэн болохоор кино хийгдэж байх хугацаанд надад ар гэр, алба амьдрал гэж санаа зовох зүйл гараагүй.

-XXI зууны их жанжны бага нас хаана өнгөрөв. Унаган хотын хүүхэд үү?

-Угсаа гарвал гэвэл Хатанбаатар Магсаржавын нутаг Булган аймгийн Хутаг-Өндөр сум. Яг төрсөн гэвэл Улаанбаатар хот. Миний бага нас Нисэх гэж ярьдаг, Хан-Уул дүүргийн IX хороонд өнгөрсөн. “БуянтУхаа” цогцолбор сургуулийг 2006 онд төгссөн. Багаасаа л “Хаврын 17 учрал”, “Километр бүрт” гээд тагнуулчдын тухай кино үздэг хүүхэд байлаа. Цэргийн хүний дүрэмт хувцас, алхаа гишгээ, яриа хөөрөө нь их гоё санагддаг байсан. Мөн миний аав Ардын армийн ахмад цолтой хүн байдаг. Таван ах маань бүгд цэргийн алба хаасан. Энэ бүхэн нөлөөлж би цэргийн хүн болсон байх. Анх Хилийн цэргийн дээд сургууль, Цагдаагийн академи, Батлан хамгаалахын их сургуулийн бэлгэдлийг урдаа тавьж байгаад сонголт хийж байлаа. Учир нь дээрх гурван сургуулийн элсэлтийн шалгалт нэг өдөр, нэг цагт болдог байсан юм. Тэгээд л хилийн цэргийн дээд сургуулийг сонгож шалгалт өгч тэнцээд цэргийн мэргэжилтэй болсон.

-Хүмүүс өөрийг тань кинонд тоглохоос өмнө жанжинтай адилхан гэж ярьдаг байв уу?

-Манай ах, эгч нар “Эрдэнэмөнх Д.Сүхбаатар жанжинтай их адилхан шүү” гэж ярьдаг байсан л даа. Найз нөхөд ч бас хэлдэг л байсан “Чи ер нь жанжинтай төстэй байна шүү. Чамайг харахаар жанжин харагдаад байдаг юм” гэж. Гэхдээ би өөрийгөө хэзээ ч тэр аугаа хүнтэй адилхан, төстэй гэж бодож байсангүй. “Долоон бурхан харвадаггүй” киноны нээлтийг үзээд уйлж суулаа. Фото зураг, баримтат кинонд үлдсэн дүртэй нь адилхан гэж тухайн үед л санагдсан.

 -Кино дэлгэцэнд гарч эхэлснээс хойш өөрийн тань амьдралд ямар өөрчлөлт мэдрэгдэж байна?

-Кино дэлгэцэнд гарч эхэлснээс хойш миний Эрдэнэмөнх гэдэг нэр ер нь мартагдсан шүү дээ /инээв/. Ажлын хамт олон, найз нөхөд “Сүх жанжин” гэж дуудна. Гэр бүлийнхэн маань “Их жанжин” гэдэг болсон.
-Д.Сүхбаатарын дүрд тоглохоосоо өмнө жанжныг яаж төсөөлдөг байсан бэ?

-Д.Сүхбаатар гэдэг хүн монгол хүн бүрийн зүрх сэтгэлд наран адил мандсан жанжин гэж төсөөлдөг байсан. “Долоон бурхан харвадаггүй” кинонд тоглохоосоо өмнө “Өглөө”, “Тэмцэл” киног үздэг байсан л даа. Би өөрөө түүх, уран зохиолын хичээлд их сонирхолтой хүүхэд байлаа. Тэр үүднээсээ түүх их уншина. Үндэсний эрх чөлөөний хувьсгалын үед гарамгай тулалдсан Дамдины Сүхэд VIII Богд Жавзундамба хутагт Баатар цол олгосон тухай уншчихаад аугаа их жанжин шиг цэргийн хүн болохыг мөрөөдөж эхэлсэн. Энэ мөрөөдлийг минь биелүүлж өгсөн “Долоон бурхан харвадаггүй” кино багийнхандаа баярлалаа.

-Өөрийн тань дүрийг бүтээсэн түүхэн хүний үйл хэргийг нэг хэсэг хүмүүс бүдгэрүүлэх гэж оролдож байна. Энэ хүмүүс болон залуучуудад хандаж юу хэлэх вэ?

-Зарим нэг увайгүй хүний явуургүй санаагаар их жанжны нэр төрийг гутаах, Монголын түүхэн цаг үеийн эгзэгтэй мөчийг бүдгэрүүлэх гэсэн оролдлого ойрын хэдэн жил тасралтгүй явсан. Үүнийг ард түмэн бүгд мэдэж байгаа. Тэр ч байтугай Д.Сүхбаатарыг “Хятадын цагаач”, “Хятад цустай хүн”, “Монголыг дотроос нь хагалж харийнханд өгөх санаатай байсан” гэх мэтчилэн түмэн олныг мунхруулах гэсэн дэмий яриа гарч байсан. Нэг үеийн түүхийг нэг хүн үгүйсгэж чадахгүй л дээ. “Долоон бурхан харвадаггүй” кино бол бүдгэрүүлэх гээд бүдгэрдэггүй, баллуурдахаар арилдаггүй цагаан дээр хараар бичсэн үнэн түүхийг сөхөж харуулсан гэдгээрээ онцлог кино юм. Тийм болохоор Д.Сүхбаатарыг муучилж, гоочилж байсан, байгаа хүмүүс ирээд үзчихэд илүүдэхгүй болов уу.
Р.Оюунгоо
Эх сурвалж: "Unen.mn"