2012/03/15

Холливудын нүд нь гэрэлтсэн томоогүй найзууд

Эрчүүдийн нөхөрлөл гэдэг өдөр бүр уулзаж, салахдаа үнсэлцэж “нялуурдаг” эмэгтэйчүүдийнхээс ихээхэн өөр. Заримдаа бүр бүтэн жилээр ч нүүр нүүрээ харахгүй явах нь бий. Тэглээ гээд тэд муудалцсан юмуу, харилцаа нь муудсан зүйл нэгээхэн ч байдаггүй. Ийм нэгэн эрчүүдийн нөхөрлөл холливудад бий. Энэхүү нөхөрлөлийн эзэн нь Брэд Питт, Жорж Клуни нар. Олон сая бүсгүйчүүдийн зүрхний эзэн болсон энэ хоёр эр 50 насны босгон дээрээ яваа. Жорж Клуни өдгөө 51 нас хүрнэ. Харин Брэд Питт 49 настай. Хэдийгээр нас ахиж, “с*кс-бэлэг тэмдэг” хэмээх утгагүй өргөмжлөлөөс алгуур холдсоор буй ч тэр хоёр нийлэхээрээ яг л дунд сургуулийн сахилгагүй хоёр банди шиг тогтож суухаа больчихдог гэнэ.

Хэдхэн хоногийн өмнө “Оскар” гардуулах ёслол болоход хоёулаа “Шилдэг эрэгтэй дүр”-ийн төрөлд нэр дэвшсэн билээ. Гэвч хоёулаа хоосон хоцорсон. Хоосон хоцорно гэдгээ ч өмнө мэдэж байсан тухай хэвлэлээр Брэд Питтэй тун ойрын гэх эх сурвалж хүүрнэсэн байна.“Брэд Питт, Жорж Клуни хоёр нэр дэвшсэн ч гэсэн хөмсгөө зангидаад, чухал царай гаргая гэж бодохгүй байгаа юм шиг билээ. Хэдийгээр хоорондоо өрсөлдөж буй ч гэсэн тэд уулзахаараа яг л дунд сургуулийн сахилгагүй хоёр банди шиг нүд нь гэрэлтээд, жигтэйхэн томоогүй болчихдог. Тэгэхээр тэр хоёр “Оскар”-ын үеэр уулзаад томоогүйтэж мэдэх юм шүү” хэмээн тэрхүү эх сурвалж хүүрнэжээ.

 Брэд Питт Жорж Клуни нар олон жилийн найзууд. Жорж Клуни өдий хүртэл ганц бие хэвээрээ яваа тул Брэд байсхийгээд л үүнийг нь шоглон, цаагуураа гэрлэхийг ятгах нь бий. Саяхан Брэд Питт нэгэн ярилцлагадаа “Жорж Клуни найз залуутайгаа гэрлэхээс өмнө би гэрлэхгүй. Үүнийг Анжелина Жоли ч мэдэж байгаа” хэмээн ярьсан юм. Мэдээж, хошигнож хэлсэн энэ үгийн дараагаар нэг хэсэгтээ л Жорж Клуниг ижил хүйстнээ сонирхогч болохоор гэрлэдэггүй юм байна гэсэн цуу тархсан. Эрчүүдийн тоглоом хатуу гэж. Жорж Клуни энэхүү ярилцлагыг нь уншаад “Би Брэдийн ярьсныг уншаад сэтгэл их эмзэглэсэн. Тэр намайг ижил хүйстэн гэж дамшигласанд нь биш харин Анжелина Жолитой гэрлэхгүй гэж байгаа нь л хэцүү” хэмээн хариу егөөджээ. Энэ мэтээр хоёр найз байсхийгээд л бие биенээ хэвлэлээр “явуулдаг” зантай.

“Оушений найзууд” киноны зураг авалтын үеэр Брэд Питт киноны багийнхандаа нууцаар захидал тараажээ. Тэрхүү захидалд “Киноны багийхан минь бид бүгдээрээ гар нийлэн, сайхан ажиллахыг хүсч буй билээ. Жорж Клунид тун хүнд дүр ногдсон тул дүрээ амилуулахын тулд анхаарлаа дэмий зүйлд зарцуулахгүй байхыг хүсэмжилж буйгаа надаар дамжуулан та бүхэнд хэлүүлэхийг хүссэн юм. Ноён Клуни зураг авалтын үеэр өөр рүү нь харахгүй, илүү анхаарал хандуулахгүй байхыг та бүхнээс хүсч байна. Тиймээс бүгдээрээ хүсэлтийг нь биелүүлье. Тэгээд ч дүрдээ орохыг ихэд хичээж буй тул түүнийг дүрийнх нь нэрээр Даниел юмуу эсвэл ноён Оушен гэвэл дэмтэй байх болно шүү” хэмээн Брэд Питт бичсэн байжээ. Энэхүү захидлыг авсан киноны багийнхан үнэмшсэн тул 14 хоногийн турш Жорж Клунитай харилцахгүй байхыг хичээсэн гэдэг. Гэтэл Клуни гэнэт хамт олон нь дуугаа хурааж, тойрч явах болсонд бухимдан, эцэстээ дэлбэрэх шахжээ.

“Жорж Клуни үргэлж л хамт олныхоо цөм болж, бүгдтэй сайхан харилцаж, тоглоом тохуу хийж явдаг хүн. Тиймээс тэр 14 хоног үнэхээр хүнд байсан байх аа” гэж хожим Брэд Питт инээмсэглэн өгүүлсэн юм. Жорж Клуни ч үргэлж Брэдэд мадлуулаад байдаггүй. Нэг удаа онгоцны нисэх буудал дээр Клуниг шүтэн бишрэгчид нь бүчин авч, гарын үсэг шаардаж эхэлжээ. Гэтэл олны анхаарлыг таталгүйгээр Брэд Питт алсуур, нүүрээ нуун өнгөрөх гэж байж. Тэгэхээр нь Клуни найз руугаа “Брэд ээ, чи гарын үсгээ өгөхгүй юм уу?” хэмээн хашгирсан гэдэг. Брэд Питтийг харсан олон түүн рүү гүйлдэн одоход Клуни машиндаа тайван суугаад, оргон оджээ.

Брэд Питт Жорж Клуниг АНУ-ын Ерөнхийлөгч болох боломжтой гэж үздгээ нуудаггүй. “Би улстөрч больё гэж бодож байгаагүй. Энгийн нэгэн иргэний хувиар амьдарвал би улсдаа илүү тустай байх болно гэдгээ мэддэг. Харин Жорж Ерөнхийлөгч болох гээд үзэх хэрэгтэй. Үнэхээр түүн шиг хүн хэрэгтэй шүү. Клуни бол их шударга хүн. Би багаасаа л шударга, үнэнч занг дээдэлж өссөн. Одоо хүртэл худлаа ярих, хуурч мэхлэхийг үзэж чаддаггүй” гэж Брэд өгүүлсэн байдаг. Жүжигчид дотроос Рональд Рейган АНУ-ын Ерөнхийлөгчи болчихсон түүх бий тул Клунид боломж байж болох л юм.

Жорж Клуни саяхан өгсөн нэгэн ярилцлагадаа их ганцаарддагаа дурсахын зэрэгцээ Брэдтэй жилдээ нэг л удаа уулзсанаа ярьсан байна. “Би ганцаараа байхдаа ганцаардаггүй юм. Харин олон хүнтэй газар очихоороо ганцаардаад, буланд очоод зогсчихдог. Надад сайн найз бий л дээ. Гэхдээ Брэд Питт бид хоёр сүүлийн нэг жилийн хугацаанд нэг ч уулзаагүй юм билээ. Хэд хоногийн өмнө Комо дахь гэрт маань ирж, бид хоёр мотоциклоор нэг хэсэг давхисан. Брэд бол жинхэнэ эр хүн. Бид дотно найзууд. Гэлээ ч хамтдаа чөлөөт цагаа тэр бүрий өнгөрөөдөггүй. Ямартаа л уулзалгүй жил өнгөрсөн байхав дээ” хэмээн Жорж Клуни хүүрнэсэн байна. Холливудад ийм нэгэн нөхөрлөл бий. Үүнийг дэлхий даяар ч андахгүй. Брэд Питт Жорж Клуни хоёроос гадна дуучин Жей-Зи, Канье Уэст хоёр тун “зузаан” найзууд гэдэг. Харин Бен Аффлек, Мэтт Дэмон хоёр холын хамаатан тул байнга уулздаг юм билээ.

 Эх сурвалж: Р.Гэгээ /mass.mn/