2012/02/29

Адам - Spoiler

Залуу хэзээний сурсан зангаараа өглөө ажилдаа гарч, шил лаазхан цуглуулжээ явтал замын хажуугийн хашлага дээр ягаан торгон дээл өмсч, толгойгоо эрээн алчуураар боосон бүсгүй наршиж халууцсан шинжтэй сууж байна.

-Та говиос ирсэн үү?
-.../дуугарсангүй/

-Говь ч сайхан нутаг даа. Наадуул чинь ч мөд явахгүй нь дээ, заавал хүнээ гүйцээж байж гарна гэдэг юм.
-.../хүүхэн бас л дуугарсангүй/

Орой нар жаргасан хойно Тээврийн товчооны хавиар эргэж очтол эмэгтэй нөгөө л байрандаа сууж байлаа. Залуу өврөөсөө цаас гарган,

-Та юу зуруулмаар байна?
-Тэмээ...

Залуу сурмаг нь аргагүй таталган зураад эмэгтэйд өгнө. Тэгээд хүрэмнийхээ өврөөс жижигхэн бор шилтэй архи гарган балгаад,

-Хоёр өрөө сайхан байртай байлаа. Одоо бол энэ гудамж миний гэр. Энэ чинь амьдрал шүү дээ.
Эмэгтэй чимээгүй л байв.

Нэг сэртэл үзүүр хязгааргүй элсэн дунд хавтгайгаараа хэвтэж байв. Ойрмогхон томоо гэгчийн тааран цүнх байна. Ам нь ангасан залуу уух юм олчих санаатай цүнхийг онгичтол эмэгтэй хүний хувцас, гэр зуурын эдлэл хэрэгслээс өөр зүйл байсангүй.

-Таминь ээ, хүн байна уу? хэмээн байдаг чадлаараа хашгиран хаа хүрэхээ мэдэхгүй тал тал тийш харайлгах түүний дууг тоож сонсох гүрвэл ч алга. Ядарсан, ангаж хатсандаа ухаан нь балартан унах тэр агшинд элсэн довцог даван ирж байгаа тэмээ унасан бүсгүй нүдний үзүүрт сүүмэлзэн харагдав.

Маргааш нь түүнийг унтаж байх зуурт нэгэн үл ойлгогдох ярагласан дуун гарсанд онгорхой хаалгаар сэм өлийн харвал эмэгтэй хонь муулж байлаа. Залуу хэсэгтээ балмагдан зогссон авч удалгүй сэхээ орж, хүүхний хажууд очин өвчүү түшиж өгөв. Удалгүй шинэхэн чанасан хонины тарган махны үнэр хамар цоргин, хоёул шинэ шөл уув.

 Хонь мал, гэр зуурын ажил мэдэхгүй хотын залуу сав л хийвэл ойролцоох нуурын шагшуурганд очиж зураг зурна. Цаас, кардон, цуулсан мод гээд тааралдсан бүхэн дээрээ. Нэгэн өдөр түүнийг сурсан зангаараа зургаа зурж суутал хажууханд нь уртаа гэгчийн цагаан эрээн могой өвсөн дундуур гулсан айсуй. Нуурын усанд орж буй гуа хүүхнийг балын харандаагаар нямбайлан зурж байсан залуу түүнийг анзаарсангүй.

Эмэгтэй гэртээ иртэл эзгүй байв. Залуугийн үргэлж очдог нуурын эрэг тийш саравчилтал тэр үдийн халуун наран дор хавтгайгаараа хэвтлээ. Бүсгүй мориндоо мордоод сандран давхиж очвол тэр ухаангүй байлаа. Хөлийнх нь шилбэн дээр томоо улаан толбо гарч, цэг хатгасан мэт жижигхээн цус хурсныг харвал могойд хатгуулсан нь илт. Бүсгүй мэдээ алдаж хүндэрсэн залуугийн биеийг арай ядан чирсээр нуурын усанд булхав. Хүн могой хоёрын аль түрүүлж усанд хүрсэн нь амьд гардаг гэсэн амтай. Тэгээд могойд хатгуулсан шилбийг нь тонгоргоор зүсч, цусыг нь амаараа шимэн тургиж байлаа.

Залуу ухаан ороход орой бүрий болж, гэрт гэгээ тасарсан байв. Лааны гэрэлд өөрийг нь тас тэврэн унтсан бүсгүйн нүцгэн бие туяарна. Залуу гайхасхийсэн авч эм хүний зөөлөн цагаан биеийг өөрийн эрхгүй энхрийлэн илбэлээ. Бүсгүй гэнэт сэрж сандран босоод, "Та могойд хатгуулсан байсан болохоор халууныг чинь л авах гэсэн юм" гээд дээлээ бушуухан өмсч, нүцгэн биеэ нуугаад ичингүйрэн гэрээс гарч гүйлээ. Морин төвөргөөн холдон одохыг сонссон залуу сая сэхээрч уян дээр үлдсэн моринд мордон бүсгүйн араас нэхэв. Нуурын эрэг дэх ганц модны дэргэд бүсгүйг гүйцэж очоод мориноос нь гуд татан унагав. "Ээж ээ, та чинь яаж байна аа. Болиоч дээ..." гэх дуун алсран нам гүм шөнө нөмөрлөө.

Бүсгүйн нөхөр нутгаасаа гарсаар сураггүй таван жил болжээ. Угаас говийн харчуудын зан гэнэ. Зарим нэг нь хангайд очиж, эхнэр авсан ч сураг дуулдана. Бүсгүй "Хангайн хүүхнүүд тийм сайхан уу" хэмээн гомдонгуй асууна.

Ингэсээр өдөр хоног өнгөрөхөд тэд хэдийн бие биедээ дасч, хайрын сэтгэлд автжээ. Нэг л өдөр тэднийг сум ороод эргэж ирэхэд гадаа уяан тарган хээр морь ялаархан зогсч байлаа. Бүсгүй нэг хэсэгтээ хөдөлж чадсангүй, хөшиж орхилоо. Тэднийг гэртээ ороход гэрийн эзэн хоймроо гараад суучихсан, улс амьтны хэл амнаас аль хэдийн сураг ажиг авсан бололтой тайван сууна. Бүсгүй гоёлын торгон дээлээ тайлж гэр зуурын тэрлэгээ өмсөөд хоймрын авдар уудлан цагаан даалимбанд нандигнан боосон их гарын мөнгөн аягыг гаргаж, гэрийн эзэнд цай барилаа.

Маргааш нь гэрийн эзэн морьдоо эмээллээд залууг дагуулан зам тослоо. Машин хүлээх зуур тэр өврөө уудлан шилтэй архи гаргаж, өөрөө хэд балгаснаа залууд өгч, "Манай говь хэцүү. Говьд хүн болохоор хангайд буга бол гэж" гээд санаа алдана.
Машины тэвшин дээр замын турш гуниглан явсан залуу хотын бараа харагдах тэр үед өөрийн эрхгүй мэгшин уйллаа. Санаснаар болдоггүй хайрын сэтгэлийг аргадах мэт уртын сайхан дуу шуранхайлна.

УГЖ Д.Жанчивдорж агсны хоёр хүү Сэнгэдорж, Жамьяансэнгээ нарын хийсэн "Адам" кино шинийн гурванд телевиз үзэгчдийн хүртээл болсон юм. Гадаадын олон кино наадамд оролцож, шагнал урамшил хүрсэн ч кинотеатруудаар тэр бүр гараагүй "Адам" кино сүүлийн үед борооны дараах мөөг шиг л гарч байгаа олон кинонуудаас ялгарахуйц бүтээл болсон байлаа. Амьдралыг ямар нэг гоёл чимэг, өнгө будаггүй байгаагаар нь үзүүлсэн уг киноны хөгжмийг "Алтан ураг" хамтлаг хийжээ.

Б.Заяа news.mn