2012/02/16

Германы телевиз Монгол залуугийн тухай кино хийжээ

Герман Улсын нийслэл Берлин хотод Э.Отгонбаяр хэмээх зураач залуу "Zurag" нэртэй уран зургийн галерей ажиллуулан эх орныхоо соёл урлагийг гаднынханд сурталчилдаг. Тэгвэл Германы нэгэн телевиз түүний уран бүтээлийг нь олон нийтэд хүргэхийн тулд нэгэн баримтат кино бүтээжээ. 17 минут үргэлжлэх энэ кино “Бурханы зургийг гараараа биш сэтгэл оюунаараа бясалгаж бүтээдэг” гэсэн Э.Отгонбаярын үгээр эхэлнэ. 

Цаашлаад монгол зураачийн бийрийн үзүүрээс байгалтай харилцан шүтэлцээтэй төрөлх зөн тодорч байгааг харуулжээ. Тэрбээр монгол зургийн аргаар орчин цагийг дүрслэн үзүүлдэг нь Германчуудад шинэ сэтгэгдэл төрүүлдэг гэсэн. Хуучин цагийн түүх, соёлыг орчин үетэй уусган зурдаг гэж ярих Э.Отгонбаярын зургуудийг нэг бүрчлэн удаан ажмаар ч юм шиг.

Ажих тусам монгол адуун сүрэг салхи мэт хуйларч, тэнгэр газрын хязгаар Монголын зан заншилтай хэрхэн сүлэлдэхийг үзнэ.
Өнөөдөр Т.Нипонь