2012/02/28

З.Батболд: Бид бүгдийг "Бурхан өршөөг"

"Аз жаргал the bad boy", "Сайн уу амьдрал минь", "Гоёлын даашинз", "Боолын гэрээ", "Цасан охин" зэрэг киногоороо Монголын кино урлагийн ертөнцөд шинэ тэсрэлт хийж чадсан найруулагч З.Батболдын ахалсан "Big Line Film" студийнхэн цоо шинэ бүтээлээ өлгийдөн авах гэж байна. Энэ нь "Бурхан өршөөг" эмгэнэлт инээдмийн уран сайхны кино юм. Төрийн албан тушаалтнуудын хүнд суртал, нийгэмд бугшсан байгаа шударга бус үйл явдлыг шүүмжлэн харуулахыг зорьсон уг бүтээлийнхээ нээлтийг ирэх гуравдугаар сарын 1-нд хийнэ. Найруулагч З.Батболдтой шинэ бүтээлийнх нь талаар сонирхож эхэлсэн яриа маань ийн өрнөсөн юм.
-Та сайхан шинэлэв үү?
-Сайхан шинэлэлээ. Энэ жил цаг агаар сайхан, сар шинэ сайхан гарлаа шүү дээ.

-Сар шинэ хуучраагүй байхад шинэ бүтээлийнхээ нээлтийг хийнэ гэсэн. Уг нь арай л эрт хийж дууссан сураг гарч байсан санагдана?
-Өнгөрсөн онд манай "Big Line Film" студи нэлээн ажил ихтэй байлаа. Бид төлөвлөж байснаараа "Бурхан өршөөг" нэртэй бүрэн хэмжээний киногоо хийж дуусгалаа. Энэ киног бид A.П.Чеховын "Түшмэлийн үхэл" зохиолоос сэдэвлэсэн. Кинонд ажилласан баг бүрэлдэхүүний хувьд шинэ уран бүтээлчидтэй түлхүү хамтран ажилласан юм. Зургаа өнгөрсөн долдугаар сараас зургаа авч эхэлсэн. Ерөнхийдөө энэ оны эх гэхэд бэлэн болчихсон байсан ч үзэгчдэд хүрэх хүртээмжээ харж байгаад одоо л нээх гэж байна. Шинэ жил, цагаан сар гээд үзэгчид тун завгүй, баярласан. Харин одоо баяр өндөрлөж, нэг үгээр хүмүүс арай өөр зүйл бодож суух цаг дээр нь киногоо гаргахаар тооцсон юм.

-"Бурхан өршөөг" киногоороо та ямар нэг зүйл хэлэх гэж оролдсон уу?
-Кино маань улс төрийн сэдэвтэй. Улс төр гэхээр талцуулж, муудалцуулах юм биш. Төрөл жанрын хувьд эмгэнэлт, инээдмийн хосолсон. Би нэг уран бүтээлчийн хэлснийг санаж явдаг. Киногоор заавал юм хэлэх албагүй гэж. Заавал ямар нэг юм хэлнэ гэдэг андуурал. Киноны эх үндэс нь зохиол байдаг. Юу ч хэлдэггүй зохиол гэж байдаггүй. Аливаа нэг зохиол заавал утга агуулгатай, хэлэх гэсэн санаатай байх ёстой. Кино бол зохиолоос бүтдэг урлаг учраас түүнд хэлэх гэсэн санаа заавал байж таарна гэсэн үг. Бидний шинэ бүтээл аливаа нэг хүний бялдуучлал, зусарч байдал, аймхай, арчаагүй дорой чанарыг тод харуулсан. Хүн юм мэдэхгүй тусмаа аймхай, харанхуй, бүдүүлэг, сэжигч, нийтэч биш хаагдмал, өөрөө өөртөө хязгаар тавьдаг. Энэ нь үзэл бодлын хязгаарлагдмал ертөнц гэдэг зүйлийг өөртөө бий болгодог. Хүн арчаагүй амьдрал, заяа муутай хувь тавилангаасаа хагацахыг хүсвэл хамгийн түрүүнд хязгаарлагдмал байдлаасаа салах ёстойг "Нирвана" хамтлагийн дуучин Курт Кобайн хэлсэн байдаг. Киноны маань санаа энэ үгтэй холбогдоно.

-Монголд эмгэнэлт, инээдмийн гэсэн хосолсон жанр төдийлөн сайн хөгжөөгүй байх аа?
-Дэлхий нийтэд хүчтэй хөгжсөн төрөл юм. Гэхдээ миний мэдэхийн Монголд өмнө нь  ийм жанрын кино хийгдэж байгаагүй гэж бодож байна. Эмгэнэлт үйл явдлыг инээдэмтэйгээр үзэгчдэд хүргэнэ гэсэн үг. Эцсийн үр дүнд нь ээ дээ гэж харамсч түүнээсээ сургамж авдаг. Ер нь хүн гэнэн, маазраа, хөнгөн инээдийг тэрүүхэн хоромд мэдрээд л орхидог. Гэтэл аливаа хүнд үзэгдлийг хэзээ ч мартаж чаддаггүй шүү дээ.

-Дүрээ яаж сонгов?
-Дүр сонголт маш сайн болсон. Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Ц.Төмөрбаатар ахыг урьсан. Дээрээс нь "Маск" продакшны жүжигчин М.Баярмагнайг гол дүрдээ тоглуулсан. Түүний хувьд анхны дэлгэцийн гол дүрийн нь.Тэр ч утгаараа нэлээд ач холбогдол өгч ажилласан. Кинонд үзэгчдийн мэдэх Баярмагнайгаас тэс өөр хүн гарах болно.
-Киноны дууг хэн дуулсан бэ?
-"Universe best songs-2009" тэмцээний ялагч Ч.Цэлмүүн дуулсан. "Магтуу" гэж нэртэй сайхан дуу болсон. Цаг нь болохоор хүмүүст хүргэнэ.

-"Бурхан өршөөг" гэж яагаад нэрлэсэн юм бэ?
-Бүгдийг бурхан өршөөг гэж бодож нэрлэсэн. Энэ үг өөрөө бид нарт байнга сонсогдож байдаг үг энэ энгийн үгээр маш том сэдвийг агуулж байгаа. Үзэгчид киногоо үзээд өөр өөрсдийнхөөрөө дүгнэх биз.

-Шинэ бүтээл бүр нэг ёсны шалгалт байдаг. Тэр утгаараа үргэлж өнгөрснийг сануулж, ирээдүйд тэмүүлэх их хүчийг өгдөг ч гэдэг. Тиймээс таны дэлгэцийн урлагт хөл тавьсан үеийг хамтдаа дурсвал ямар вэ?-Дэлгэцийн урлагт амьдралынхаа 16 жилийг зориулжээ. Анх 16 настайдаа МҮОНРТ-д туслах найруулагчаар шалгалт өгч орж байсан. Сонгон шалгаруулалтад 89 залуу өрсөлдөхөд хамгийн бага нь би. 16 настай. Гурван шаттай шалгалт өгсний дараа найман залуу үлдсэн. Тэгээд үлдсэн наймыг нь гурван сар цалингүй ажиллуулсан юм. Тэр үед бид ажиллахаас гадна хичээлд суудаг байлаа. Бидэнд телевизийн шилдгүүд болох урлагийн гавьяат зүтгэлтэн, нэрт найруулагч Янжмаа, Цэвэлсүрэн, Бадар-Ууган ах, оператор Ганзориг, редактор Ганбаа, сэтгүүлч Золжаргал ах, ардын жүжигчин, кино найруулагч Жигжидсүрэн гуай нар долоо хоногт нэг удаа мэргэшүүлэх хичээл заадаг байв. Одоо бодоход, Монгол телевиз туслах ажилтнуудаа мэргэшүүлэх тал дээр болон өөрсдийн боловсон хүчнээ бэлтгэж авах тал дээр нэлээд шинэлэг ажил хийж байж. Аз болж, тэр үед нь таарч орсондоо баярладаг.
-16 настай хүүхдийг ажилд авдаг байсан юм уу?
-Насанд хүрээгүй гээд ажилд авахгүй нэлээд юм болсон. Би ч яагаад энэ телевизид ажиллаж болдоггүй юм гээд л бөөн уйлаан майлаан. Тухайн үед нийгэм, эдийн засгийн "Тулга нэгдэл" гэж байсны захирал Сүхбаатар ах "Ээ та нар ийм жаахан хүүхэд ажил хийе гээд ирж байхад нь бүү түлх л дээ. Ерөөсөө энэ хүүхдийг би өөр дээрээ авлаа" гээд намайг туслах найруулагчаар ажилд авч байсан юм.

-Тэгээд найруулагчаар сургуульд сурсан уу, эсвэл телевизийн тэр үеийн хичээлээр л болчихсон хэрэг үү?
-Би 1996 онд "Харцага" кино урлагийн дээд сургуульд Урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Х.Дамдин гуайн шавь болж, дөрвөн жил сураад төгссөн. Анх манай анги 27 хүүхэдтэй байв. Есдүгээр сарын 1-нд Дамдин багш "За би та нарын дундаас нэгийг нь л найруулагч болгоё. Дөрвийг нь л төгсгөх байх шүү" гэснийг мартдаггүй юм.
-Хэлснээр нь болсон уу?
-Тэр 27-гоос ес нь төгссөн. Гэхдээ ердөө дөрөв нь л дипломтой. Би нөгөө дипломгүй хэдийн нэг. Манай ангиас киногоор дагнан ажиллаж байгаа нь "Мартагдашгүй намар-2" киног найруулсан Х.Отгонзаяа, "Ах дүүс" киноны найруулагч Бэхбаатар бид гурав л байна. Би ч туслахаас нь эхлээд л бүгдийг нь хийж үзсэн дээ. Нэгэнт урлагт хөл тавиад ороод ирчихсэн хүн энэ ертөнцөөс эргэж гарч чаддаггүй. Жаргал, зовлон бүхий л замыг нь туулдаг.

-Таны анхны бүтээл "Аз жаргал the bad boy" тэр үедээ залуусыг нэлээд шуугиулсан?
-Анхны бүтээл гэдэг маш олон зүйлийг авчирдаг. Анхны мэдрэмж, анхны баяр, гуниг гээд бүхий л зүйлийг. Анхны гэсэн юм бүхнийг мэдрүүлдэг. "Аз жаргал the bad boy" кино бол миний хувьд хамгийн үнэ цэнэтэй бас хайртай бүтээл минь. Яагаад вэ гэхээр энэ киног хийх үед би хэн ч биш байсан. Намайг кино хийнэ гээд явж байхад, "Чи чадах уу" гэсэн хүн олон таарсан. Би анхны киногоо хийхдээ санхүүгийн хувьд бэрхшээлтэйгээс гадна туршлага гэдэг зүйл огт байгаагүй. Тийм хэцүү магадгүй хүй нэгдлийн үедээ байсан гэж болохоор тэр цаг үед хийсэн кино маань аз болж бүдрээгүй. Ард түмнээс сайн гэсэн үнэлэлт авсан нь миний аз юм болов уу гэж боддог. Тухайн үеийн Монголын кино урлагийн хөгжил ямар байлаа одоо ямар болсон билээ гээд бодохоор сонин л байдаг юм. 

-Маш олон кино нэгэн зэрэг гарч байгааг та кино найруулагч хүний хувьд юу гэж бодож байна вэ?-Нэг талаасаа өрсөлдөөнийг бий болгож байгаараа зөв юм. Хэдийгээр уран бүтээлчдийн хооронд өрсөлдөөнийг бий болгосноор тэдний ур чадвар тодорхой хэмжээгээр сайжирч байгаа боловч үзэгчдийн хувьд залхаан цээрлүүлэлт мэт олон чанаргүй кино гарах нь дөнгөж хөл дээрээ тогтож байгаа Монголын кино урлагийг буцаагаад хордлогод оруулах муу талтай. Тийм ч үүднээс би үүнийг нэг их зөвтгөдөггүй. Тэр тусмаа мэргэжлийн бус хүмүүс ашиг хонжооны төлөө гарч ирж байна. Сул кино хийж байгаа хүмүүсийг би хувьдаа завсрын үеийнхэн гэж харж байна.

-Сүүлийн үед киноныхон өндөр өртгөөр бүтсэн гэдгээрээ сурталчлах юм. Танай кино ямар хэр өртгөөр бүтсэн бол? 
-Өөрийнхөө босох ёстой зардал дээрээ л боссон. Яг тийм хэмжээний мөнгөөр бүтсэн гэж зарлаад шаардлагагүй байх. Энэ бол продюсерын ажил л даа.  Гэхдээ кино хэдий хэмжээний өртгөөр бүтсэн гэдэг нь дэлхий нийтэд сонирхолтой сэдэв болчихсон. Манай киноны хувьд миний найз нөхдийн дэмжлэгээр ямартай ч дутагдаж гачигдах зүйлгүй бүтсэн. 
Ярилцсан: Ө.Халиун