2012/02/06

Э.Ууганбаяр: Хүүхэмсэг залуугийн дүрд тоглохоос аль болох зугтаж байгаа


Жүжигчин Э.Ууганбаяртай ярилцлаа.

-Ууганаа одооны жүжигчдээс хамгийн эрэлттэй нь юм шиг санагддаг. Өөрийгөө хэрхэн үнэлэх вэ?
-Би өөрийгөө гайгүй үнэлчихэж байгаа шүү. Боломжийн борлогдоод байгаа. Хүн өөрт оногдсон ажлаа сайн хийгээд, өөр илүүг бодохгүй байвал болно. Илүү ихийг бодохоор гол шугамаа алдчихдаг юм. Гол шугамаа алдахгүй бариад, энэ хүмүүс надад итгэл хүлээлгэж байгаа тохиолдолд түүнийг нь алдахгүйн төлөө явдаг. Дээрээс нь ар гэр баттай байх хэрэгтэй. Ар тийшээ санаа зовохгүй байх хэрэгтэй. Би бусад залуу жүжигчдийг бодвол энэ тал дээр баталгаатай, суурь сайтай л даа. Тэр хэрээрээ гайгүй эрэлттэй байж, борлогддог байх.

-Эхнэр чинь жүжигчин гэсэн үү?

-Тийм. Намайг өдөр шөнөгүй явж байхад хоолоо хийгээд, хувцас цэвэрхэн бэлэн байлгаж байдаг. Кинонд тоглоход зөвлөнө. Надад жүжигчнийхээ мэргэжлээр карьер хөөж байгаад 30 гараад хүнтэй сууж, үрийн зулай үнэрлэнэ дээ гэсэн юм байхгүй. Аль хэдийнэ үүнийгээ амжуулчихсан. Хоёр хөөрхөн хүү минь байна. Бүх зүйл сайхан болж байгаа. Хүмүүс тэр утгаараа ч надад их итгэл хүлээлгэдэг байх.

-Одоо өөрөө тоглох дүрээ сонгох тохиолдол гардаг уу. Эсвэл найруулагчийн хуваарилснаар тоглох уу?
-Өө үзэж тарна шүү дээ. Зөрж өгнө. Нэг дүр аваад ингэмээр байна гэнэ. Хүн тэгэхдээ өөрийгөө хянаж, харж чаддаггүй юм билээ. Хамт тоглож байгаа жүжигчнээ ингээч, тэгээч гээд байдаг мөртлөө өөрийгөө хэр тоглож байгаагаа мэддэггүй. Тэр утгаараа би ингэмээр байна, тэгж жүжиглэмээр байна гэнэ. Фантазлана. Тэр бүхнийг найруулагч харж байгаад базна шүү дээ. Зөвшөөрөх юмаа зөвшөөрнө, огт зөвшөөрөхгүй ч тохиолдол байдаг.

-Кинонд тоглосныхоо дараа өөрийгөө үзэх ямар санагддаг вэ. Эвгүй юу, эсвэл үзсээр байгаад сурчихсан уу?
-Үзээд л шүүмжилж эхэлнэ. Би ямар мундаг юм бэ, лаг байна шүү гэж ерөөсөө хардаггүй. Би ч, чи ч, гавьяат жүжигчин, Ардын цолтон нь ч тэгж чадахгүй. Энэ бол батлагдсан теором. Манай нэг продюсер залуу байдаг юм. Тэр намайг хүүхнүүдийн эрлэг, бүсгүйчүүдийг хуйлруулдаг дүрд тоглуулъя гэдэг. Тэгээд дараа нь намайг хараад “Ямар сонин юм. Чи тийм царайлаг биш. Жижигхэн нүдтэй, өндөр биш, майжиг” гээд шүүмжилдэг. Яг түүн шиг дэлгэцээр өөрийгөө хараад тэгж дүгнэдэг. Харин дүрээ илэрхийлж байгаа илэрхийлэл минь яаж вэ гэдгийг сайхнаар хардаг. Нэг ийм үг байдаг даа “Эрчүүд сармагчнаас бага зэрэг царайлаг байхад болно” гэдэг. Үүнтэй би санал нийлдэг. Гэхдээ дотроосоо гэрэлтэж, царайлаг байх хэрэгтэй. Тэгвэл хүнийг өөртөө амархан татна. Дурлуулна.

-Жүжигчний ажлаар амьдарч болмоор байна уу?

-Монголд бол хэцүү шүү дээ. Яг энэ төвшнөөрөө өндөр хөгжилтэй орнуудад жүжигчин байсан бол баяжиж дуусна биз дээ. Гэхдээ би мэргэжилдээ хайртай. Бусад олж байгаа орлого, давуу тал маань энэ мэргэжлийн буян. Нэг хүнтэй ороод уулзана намайг таньдаг. Нэг зээл авлаа гэхэд энэ нөхөр муриад алга болохгүй, зурагтаар гарч л таараа гэж бодож итгэдэг юм шиг байгаа юм. Нэг их мөнгө олоод, овойж оцойтол хураахгүй ч гэсэн болоод л байна.

-Рекламанд их тоглодог шүү дээ. Тариф өндөртэй биз?
-Манай залуус өөрийгөө тодорхой хэмжээгээр үнэлэх хэрэгтэй. Хэрвээ чамайг хүн тоож сонгож, үнэлж байгаа бол тодорхой хэмжээнд үнэтэй байх ёстой. Тэрнээс гадна шоу их хэснэ. Баар саваар явж шоу хөтөлнө. Хөтлөгч их хийж байгаа.

-Хөтлөгчийн тал дээр мэргэшиж эхэлж байгаа биз дээ?
-Одоо бол би онгирно шүү дээ. Телевизийн шоу хэсэж, реалити шоу хөтөлж, олон байгууллагатай хамтарч ажилласнаараа би хэнийг ч дагуулахгүй.

-Өөрийнхөө тоглоогүй кинонуудыг үздэг үү?
-Үзэлгүй яах вэ. Тэрийг чинь үзэж байж л өөрийгөө ямар хэмжээнд байгаа, юугаараа илүү, дутуу байгааг үнэлж, дүгнэнэ шүү дээ. Нэгийг нь ч алгасалгүй үздэг. Нэг кино гарахаар эхнэртэйгээ хамт явж үздэг. Киночид нь ихэнхдээ манай найзууд, хамтарч ажилладаг хүмүүс байдаг болохоор урилга өгдөг юм.

-Тэр болгоноос киноны хөгжлийг харж чаддаг уу?
-Кино урлаг хөгжиж байна. Кино хийгээгүй бол бид юу яриад сууж байх юм. Хийж байгаа учраас хөгжиж байна гэж яриад байгаа юм. Сайн юм байна, муу нь ч байна. Бүр сайн кино байхад авах юмгүй муу нь ч бий. Энэ чинь өөрөө хөгжил. Тэр гайхалтай дурангаар авсан нь хөгжил юм аа гэвэл тэр чинь техникийн асуудал. Тоглож байгаа жүжигчдийн бие бялдар, царай зүс гэвэл тэр чинь физиологийн хөгжил. Бид уран бүтээлийн талаас нь ярьж байгаа учраас муу, сайн гэж ярих хэрэгтэй болно. Муугийн дээр байгаа сайн нь хөгжиж байгааг харуулна.

-Гэхдээ киноны өгүүлэмж, санаа нь нэг зүйлд баригдмал байгаад байгаа. Эсвэл Холливуд, Солонгосын ч юм уу санааг дуурайдаг. Дэлхийн кино урлаг дэндүү өндөр төвшинд хөгжсөн учраас тэр дундаас шинэлэг санаа олоход хэцүү байна уу?
-Европын орнуудын бүх алтан цомыг хураагаад ирчихсэн монгол кино байна шүү дээ. “Уурга” гэдэг киноноос эхлээд. Хүмүүс Монголыг шууд гадаад орнуудтай харьцуулах гээд байдаг. Өөр хөгжилтэй хүмүүсийн сэтгэхүйтэй харьцуулаад байгаа юм. Үгүй. Бид монгол сэтгэхүйд тааруулж кино хийнэ. Солонгос стиль хууллаа л гэнэ. Бид хуулсан ч монгол хүмүүст зориулж, тэдний сэтгэхүйд тааруулж кино хийнэ. Бид нийлээд Холливудын хийж байгаа шиг кино хийвэл хүн ойлгох уу. “Өө шал тэнэг юм, хэзээ ийм юм байлаа” гэж ирээд шүүмжилнэ. Эсвэл би морьтой давхиж яваад, гэнэт таван ханатай гэрийнхээ дээгүүр нисээд явчихвал тэнэг биз дээ. Тэрийг Хятад, тэндхийн хүмүүс ойлгоно. Өнөө дотоод хүч, тамир энэ тэрийг. Бүр өөрөөр Америкууд шиг том хутга гаргаж ирж шидээд, хүний хүзүүнд зоогоод байвал балай харагдана биз дээ. Манай монголчууд хэзээ тийм байсан юм. Сайхан заамдалцаж байгаад нударга зөрүүлдэг биз дээ.

-Сүүлийн үед ямар уран бүтээл дээр ажиллаж байна вэ?
-Романтик, инээдмийн “Валентины захидал” гэдэг кинонд тоглосон. Он гаргаад олон баяр болдог шүү дээ. Гэхдээ хамгийн түрүүнд Валентины баяр болдог. Энэ баярт зориулж хийсэн кино юм. МҮОНРТ-ээр гарсан 80 ангит “Амьдралд тавтай морил” киноны баг бусад жүжигчидтэй хамтраад ажилласан. Энэ киноны гол гурван эрэгтэй дүрийн нэгд тоглож байна.


-Энэ кинонд тоглож байгаа дүрээрээ өвөрмөц зүйлийг харуулна гэсэн мэдээлэл гараад байсан. Ямархуу гэнэтийн бэлэг барих гэж байна даа?
-Кинонд гоё хэсгүүд орж байгаа. Тэр дундаа мюзикл хэсэг орж байгаа нь Монголдоо бараг анхдагч болж байна. Гол дүрийн гурван залуу маань дуулна, бүжиглэнэ. Би өөрөө мюзиклийн чиглэлээр сургууль төгссөн. Түүнийхээ ид шидийг үзэх гэж байна. Миний тоглож байгаа дүрийн хувьд “Амьдралд тавтай морил” киноны үргэлжлэл гэж хэлж болохоор. Тэр кинон дээр би бүсгүйчүүдийн ертөнцөөр аялсан залуу байсан. Сүүлдээ энэ байдал бол миний өөрийн зан төрх, бодит байдал биш юм байна гэдгийг ойлгоод төгсдөг шүү дээ, кино. Одоо тэр байдал үргэлжилнэ гээд ойлгочих.

-Багахан хэмжээний эр*тик хэсэгт тоглох сураг байсан уу, үгүй юу?
-Байна аа байна. Байх байхдаа зөндөө олон байгаа.

-Анх удаа эр*тик хэсэгт тоглож байгаа гэсэн үү?
-Үгүй үгүй, яалаа гэж. “Сүй тавихын өмнө” гэдэг кинонд тиймэрхүү дүр бүтээсэн. “Буруу эргэлт” кинон дээр машинд үзэж тардаггүй юу. Энэ мэт жишээ байгаа байгаа.

-Өөрийн тань тоглосон кинонуудыг хараад байхад хүүхнүүдийг хуйлруулсан дүрд тоглох юм. Энэ найруулагч нарын сонголт уу?
-Энэ удаагийн кинонд ч гэсэн тиймэрхүү дүрд тоглож байгаа. Би уг нь хүсэлт гаргасан. Найруулагч, продюсер, зохиолчдоо хүртэл хэлсэн. Гэтэл энэ удаагийнх сүүлчийнх нь гээд тоглуулсан. Ер нь бол би ийм дүрд тоглохоос зугтааж байгаа. Гэхдээ уран бүтээлч хүн урьд нь тоглож байсан хэв маягийн дүрээс зугтдаг. Аль болох давтахгүйг хичээдэг. Тэгсэн хэдий ч нэг зүйл олон янзын замаар очиж болдог биз дээ. Эсвэл зүйлийг олон янзаар илэрхийлж болно. Энэ нөхөр дандаа иймэрхүү кинонд тоглодог гээд шалгаж үзэж болно шүү дээ. Бүх киног нь зэрэгцүүлж байгаад үзээрэй. Яг адилхан биш байгаа.

-Үсээ их өвөрмөц засуулсан байна. Кинондоо тааруулж ингэж засуулаа юу?
-Тийм. Ерөнхийдөө киноны гурван эрэгтэй гол дүрийн жүжигчин өвөрмөц дүр төрхийг харуулах юм. Ямар нэг киноноос хуулж хуулбарласангүй. Өөрийнхөө имижийг бүрдүүлж байгаа. Бухал овоолчихсон юм шиг байгаа биз дээ.

-Энэ удаагийн киноны хэлэх санаа юу вэ?
-Хүмүүсийн дотроо бодож байгаа юм нь өргөн цар хүрээтэй юм боддог шүү дээ. Гэхдээ амьдрал дээр түүнийгээ хэрэгжүүлэхдээ цар хүрээг нь жижигсгээд байдаг. Бид түүнээс зугтсан. Тэр хэрээрээ энэ уран бүтээл задгай болж өгсөн. Хүний дотоод сэтгэлд юу оршиж, нуугдаж байдаг вэ гэдгийг хамгийн тулсан цэгт нь аваачиж фантазлаж үзүүлж байгаа. Ер нь их фантазтай кино. Задгай фантазлана. Ерөөсөө энэ сууж байгаа хүн гэнэт тэнд очиж үсрэнэ. Бурхан тэнгэр, хайрын элч гэж байдаг бол энэ кинон дээр гарна. Тэр бурхан нь хүн төрхтэй, бидний дунд явж ууж идээд, инээгээд явж байгааг харуулна гээд бод л доо. Энэ бүхнийг бид дотроо боддог хэрнээ амьдралд байдаггүй биз дээ. Түүнийг гаргаж тавихыг хүссэн юм. Бид шинэ гарсан хит дууг чихэвчний хөгжмөөр сонсоод гудамжаар алхахад амьдрал өөрөөр харагддаг. Чихэвчээ авахаар машины дуу сонсогдоод, хэвийн байдалдаа ордог. Эсвэл гэнэт 100 сая доллартай бол гээд гоё мөрөөддөг биз дээ. Тэгж байгаад гэнэт байхгүй шүү дээ гэж бодохоор бодит амьдралдаа эргээд ордог. Яг ийм мэдрэмжүүдийг энэ киноноос авна.

-Анх удаагаа мюзикл хэсгийг кинондоо оруулж байгаа гэсэн. Тэр талаар жаахан дэлгэрүүлээч. Дуулж, бүжиглээд авьяасаа жинхэнэ утгаар нь харуулж байгаа биз дээ?
-Мюзикл бол тайзны уран бүтээлийн хамгийн оргил цэг нь шүү дээ. Үүнийг анх удаа Монголд дэлгэцийн болгож хувиргаж байгаа нь онцлог. Дуулж, бүжиглэж байгаад гэнэт тайз руу ямар ч монтажгүй орж байгаа нь хамгийн том онцлогтой зүйл нь. Гэхдээ бид төгс утгаар нь мюзикл хийгээгүй. Зүгээр л сэдлийг нь тавьж өгч байгаа. Хэрвээ энэ кино амжилттай болох юм бол цаашаа бүрэн хэмжээний мюзикл кино хийх бодол байгаа.

Монголын мэдээ Н.Пунцагболд