2012/01/04

Монголын кино урлагийн цорын ганц сэтгүүл болох "Hi-Kino" сэтгүүлийн шинэ дугаар гарлаа



Дэлхийн болон Монголын кино урлагийн талаар мэдээ, мэдээллээ бэлтгэн хүргэдэг "Hi-Kino” сэтгүүлийн шинэ дугаар гарлаа. Уг сэтгүүл нь мэндлээд удаагүй ч нийтлэлийн бодлого, хэлбэр дизайн зэргээрээ мэргэжлийн кино уран бүтээлчид, кино сонирхогч болон уншигч олноосоо өндөр үнэлгээ авч, өөрийн гэсэн уншигч захиалагчтай болж чаджээ.

Тэгвэл анхны гэж хэлж болох кино урлаг, урлаг соёлын сэтгүүл "Hi-Kino”-г  Соёлын тэргүүний ажилтан кино найруулагч, зураач Ч.Ганзориг санаачлан гаргасан байна.

"Hi-Kino” сэтгүүлийн зөвлөхөөр Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн кино найруулагч Х. Дамдин, Соёлын тэргүүний ажилтан, "Монголфильм” студийн захирал, кино найруулагч Д. Золбаяр, кино зохиолч, найруулагч Ц. Ганбат нар ажилладаг аж.

Энэ удаагийн Найруулагчийн архив буланд Урлагийн гавьяат зүтгэлтэн, Зууны манлай  кино найруулагч, Д. Жигжидийн амьдрал, уран бүтээлийн талаар нийтэлжээ.

Мөн  уншигч та сэтгүүлийн "Сэтгэлд хоногшсон дүр” булангийн зочноор уригдсан Монголын кино, театрын тайзнаа олон сайхан дүр бүтээж үзэгчдийн хайртай жүжигчин болж чадсан  Д. Мэндбаяр гуайн халуун сэтгэлийн яриаг уншаарай.

Монголын кино урлагт төр засгийн бодлого хэрэгтэй гэж кино уран бүтээлчид үздэг. Тиймээс тус сэтгүүлийн редакци БСШУЯ-ны Соёл, урлагийн бодлогын газрын мэргэжилтэн З. Баянзултай ярилсан байна. Тухайн ярилцлагаас кино уран бүтээлчидтэй төр хэрхэн хамтрах, ямар бодлого барьж ажиллаж болох талаарх мэдээллийг аваарай. Энэ асуудлуудтай холбогдуулан дэлхий бусад улс орнууд кино урлагтаа ямар бодлого барьж ажилладаг тухай "Дэлхийн кино” буланд "Дэлгэцийн квот” нэртэй нийтлэлийг гаргажээ. 

Мөн энэ дугаартаа Холливудын нэрт найруулагчдын амьдрал, амжилтын нууцаас болон Монголын кино ертөнцийн талаарх дэлгэрэнгүй мэдээ мэдээлэл, Монгол шинэ кино, залуу болон бүх цаг үеийн шилдэг уран бүтээлчдийн талаарх мэдээллүүдийг багтаажээ.