2012/01/29

Эрчүүдийг эндүүртэл гоолиг явлаа

Нэрт найруулагч Б.Балжинням гуайн "Мөнх тэнгэрийн хүчин дор" киноны зураг авалтын үеэр эр хүн эр хүнд татагдсан сонин тохиолдол гарч байжээ. Учир юу вэ гэхээр киноны олны хэсгийн зураг авалтад оролцохоор очсон СУИС-н оюутнуудын нэг болох жүжигчин Ононг кино багийнхан эмэгтэй гэж харснаас болж энэ хэрэг мандсан байна. Энэ талаар жүжигчин Онон Өдрийн сонинд өгсөн ярилцлагандаа
"-Үнэхээр болсон явдал л даа. Одоо энэ А.Энхтайван гуай Чингэс болдог “Мөнх тэнгэрийн хүчин дор” кино бид нарыг оюутан байхад хийгдсэн юм. Олны хэсэгт оюутнуудыг тоглуулахаар авчраад бүгд баатрын хувцас өмсчихсөн зураг авалтын газар иртэл нэг өндөр биерхүү хар залуу ирээд “Ачааг тань майханд чинь оруулаад өгөх үү” гээд хүрээд ирсэн. Би ч нэг их юм бодолгүй өөрөө өргөөд явчихгүй юу. Гэтэл нөгөө залуу чинь “Манайхаан зураг авалт дуусахад энэ охин минийх болсон байна” гэсэн байгаа юм. Дараа нь бид хоёр танилцаад бөөн инээдэм болж байлаа. Яг тэр зураг авалтын үеэр дүр гарвал найруулагч “Оюутнуудаа дүр гарлаа шүү” гээд хашгирдаг. Тэгэнгүүт оюутнууд пир гээд л гүйдэг. Тэр дунд ороод гүйхээр Доржсамбуу багш Онон буц л гэдэг байсан. Найруулагч нь Балжинням гуай байсан. Багш яагаад намайг тоохгүй байгаа юм бол Балжинням найруулагчийн нүдэнд өртчих юмсан гээд морь унаад л зураг авалтын талбай дундуур давхиад юм шүүрээд л давхиад байв. Нүдний булангаараа найруулагчийн зүг харахаар намайг огт анзаарсан шинжгүй. Хэд хэдэн удаагийн үйлдэл хийгээд нэг хартал ашгүй над руу заагаад хоорондоо юм ярьж байна аа. Дотроо баярлаад за нэг дүрд тэнцчихэж гээд бодож амжаагүй байтал Доржсамбуу багш дуудаж байна. Хүрээд очтол юу ч билээ нэг юм асуугаад би хариултал “Тээр эрэгтэй л байгаа биз дээ” гэхээс өөр юм хэлсэнгүй. Гэтэл Балжинням найруулагч юун эмэгтэй хүүхэд морь унаад давхиад байгаа юм. Эмэгтэй хүүхэд морь малнаас унаад бэртчихнэ болиул гэтэл манай багш эрэгтэй хүүхэд гэсэн итгэхгүй дуудсан нь тэр юм билээ. Тэр зураг авалтаас би эмэгтэй хувцас өмссөн нэг зурагтай л үлдсэн дээ. Хүн болгон эмэгтэй гээд байхаар нь эмэгтэй хувцас зориудаар өмсч зураг авахуулсан юм." гэжээ
Мөнх тэнгэрийн хүчин дор киноны зураг авалтын үе
Жүжигчин Онон эмэгтэй болсон байгаа нь.