2011/12/15

Ааштай хадам ноёны дүрд

Жүжигчин Л.Дэмидбаатарыг ард түмэн ааштай хадам эхийн дүрээр нь сайн мэддэг. “Хошин урлагийн жүжигчин гэх нэрийг ааштай хадмын дүр минь өгсөн.Сайн хамтрагчидтай байсан болохоор энэ дүр амилсан. Нэлээн судалгаа хийж, сайн дүр гаргахыг хэрдээ л хичээсэн дээ” гэж даруухан өгүүлэх тэрээр СУИС-ийн Тайз, дэлгэцийн урлагийн сургуулийн уран чадварын тэнхимийн багшаар ажиллаад хэдэн жилийн нүүрийг үзэж байгаа. Тэрээр багшлахын хажуугаар уран бүтээлээ хойш тавилгүй “Парисын дарь эхийн сүм” мюзикль, “Шар тэнгисийн тарчлаан” зэрэг хэд хэдэн жүжиг, “Мартагдашгүй намар” киноны хоёрдугаар ангид тоглохын сацуу “Зохиомж” дээд сургуулийн захирал, найруулагч Цогтбаярын санал болгосноор “ VIII Богд Жавзандамба хутагт ” киноны Чин ван Ханддоржийн дүрд тогложээ.