2011/12/15

“Улаан тариа”-ны түүхийг дэлгэнэ

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Г.Золжаргалын “Zoljargal and Son film”-ийн хамт олон ирэх нэг, хоёр, гуравдугаар сард Монголын баримтат киноны уламжлал, шинэчлэлийг харуулсан гурван киногоор үзэгчдэд бэлэг барихаар зэхэж байна. Энэ талаар Г.Золжаргал “Бид Монголын баримтат киноны түүхэн уламжлал, өнгө аясыг хадгалахын хажуугаар орчин үеийн шинэчлэлийг шингээсэн гурван өөр бүтээл гаргахаар ажиллаж байна.

1950-иад онд бидний өвөө, эмээ, ах дүүс арьс өнгөний өвчинд нэрвэгдэж, үндэстэн даяараа өнгөний өвчнөөс болж сүйрэх дээрээ тулж байсныг мартах ёсгүй. Цаашилбал 650 мянга гаруйхан хүн амын 70 орчим хувь нь өвчилснийг Орос эмч нар богино хугацаанд эдгээж, илааршуулсан “Улаан тариа”-ны түүхийг бүр ч мартах ёсгүй. 1950-иад оны эхээр баруун аймгийн иргэдийг өвчнөөс нь салгахаар Н.Рагчаа гэж хүн 19 настай эхнэр, орос эмч нарын хамт явж, зургаан жил тасралтгүй ажилласан байдаг. Энэ ажилд гар бие оролцож явсан цөөхөн хөгшчүүлийн ярианаас улбаалсан баримтат кино хийлээ.

Мөн Монголын үе үеийн нүдний мэс засалчдыг төрүүлсэн Монгол Улсын гавьяат эмч Э.Санжаагийн амьдрал, түүний мэргэжилтэй холбоотой асуудал, түүхийг хөндсөн өөр нэг кино бүтээж байна.

Гурав дахь нь Дэлхийн шатрын аварга Д.Номин-Эрдэнэ охины амьдралаар монгол хүүхдийн амьдрал, зан үйл, хүмүүжил, хэрхэн өсөж, том болж байгааг харуулах юм. Кинонуудын нэрийг одоохондоо нууц үлдээе. Ирэх оны эхний гурван сард кинонууд маань үзэгчдийн хүртээл болно”. Эдгээр киног бүтээхдээ аавынхаа үед ажиллаж байсан баримтат киноны түүхэн уламжлалыг хадгалахыг илүүтэй зорьсон гэж байв. 

Б.МАРТ МонголНьюс

 “Zoljargal and Son film”-н албан ёсны вэб хуудас руу нэвтрэхийг хүсвэл энд дараарай.