2011/12/30

Монгол кино 2011: Онцлох үйл явдлуудаас

Улиран одож буй 2011 он кино уран бүтээлчид болон сонирхогчид, үзэгчдийн хувьд маш сайхан гэж хэлэхгүй ч ямар ч байсан өмнөх жилүүдийг бодвол илүү өргөн цар хүрээтэй болж өнгөрч байна. Ингээд энэ оны зарим нэг онцлох үйл явдлуудаас та бүхэнд хүргэе. Орхиж, мартсан зүйл байвал хэлнэ биз ээ.



Кино наадам эргэн ирлээ
Жил алгассан "Улаанбаатар" кино наадам энэ онд "Academy Awards" нэртэйгээр эргэн ирж уг наадамд Зөрлөг кино маш амжилттай оролцсныг бид та бүхэнд мэдээллэж байсан. Ямартай ч манай улсын киночид өөрсдийнхөө уран бүтээлийг үнэлүүлж дүгнүүлдэг кино наадамтай байгаа нь нэн талархууштай. Гэхдээ алсдаа ОУ-н хэмжээний кино наадам зохиодог болвол энэхүү наадмаа шууд ОУ-нх болгох уу эсвэл цоо шинэ кино наадмыг бий болгох уу гэдэг асуудал тулгарч л байх шиг байна. Гадаад зах зээлд гарах боломж ямар нэгэн кино наадмаар л дамжин нээгддэг гэдгийг БСШУЯ-н ухаантнууд нь олж хараасай билээ.

Хулгайлагдсан нь
 
Би л хувьдаа энэ оюуны өмчийн газар юу хийгээд байгааг огтоос ойлгодоггүй. Жижиг сажиг лангуун дээрх зүйлсийг л хараад сууж байдаг бололтой. Харин тэр хойгуур нь хүмүүсийн нөр их хөдөлмөрийн үр дүнд бүтсэн кино уран бүтээлүүд дэлгэцнээ гараад сар хүрэхгүй хугацаанд хулгайд алдагдаж интернетэд үзмэр болж байгаа нь харамсалтай. Үүний тод жишээ бол "Рашаантын 18", "Бодлын хулгайч" кинонууд юм. Хачирхалтай нь эдгээр кинонууд маш сайн бичлэгтэйгээр алдагдаад байгаа нь сонин юм шүү. Тэгэхээр киночид ч бас өөрсдөөсөө бурууг хайх нь зөв байх.

Бэсрэг киногоор бөмбөгдүүлсэн сарууд
Зун, намрын налгар өдрүүдэд бэсрэг кино сонирхогчдод үнэхээр сайхан болж өнгөрсөн гэж бодож байна. "The Call" төслийн хүрээнд бүтээгдсэн кинонууд болон "48 цаг" кино наадмын сонирхолтой содон бүтээлүүд энэ саруудад жинхэнэ халгиж цалгиж байлаа. Үүнээс онцлох бүтээлүүдэд мэдээж найруулагч С.Баттулгын "Юуны төлөө", найруулагч Д. Мягмарын "Дежавү", найруулагч Л.Бат-Амгалангийн "Дуудлага" бүтээлүүдийг нэрлэж болох юм. Олон хүнээр магтуулж муулуулж байгаа ч "Дежавү" сүүлийн үед огт харагдаж үзэгдээгүй киноны илрэл байлаа. "Адам"-г үзээгүй болохоор энэ кино миний хувьд ардын жүжигчин найруулагч Г.Жигжидсүрэн гуайн гурамсан бүтээлээс хойшхи кино урлаг дахь тод мөр гэж хэлмээр санагдсан. 

OST моодонд орсон нь
 
Нэг үгээр зохиолын дуучдад далаараа цэвэр тавиулсан рок попын нөхөд маань кино урлагийн тусламжтайгаар өөрсдийн шинэ түрлэгээ эхлүүлж байна. Нөгөө талаас олонд танил царайгаар киноны дууг амилуулна гэдэг киночдын хувьд маш том маркетинг болж байгаа нь лавтай. Үүний үр дүнд аль аль нь л хожоотой байх шиг байна. Гэхдээ бас энэ завсар киночид залхуурч киноны хөгжмийг дуугаараа аргалаад байгаа явдал даамжирч байгаа нь харамсалтай. Гэхдээ "Амьдрал төсөл", "Ээжээ", "Нар сарны зааг" зэрэг маш гоё хөгжмийн зохиолтой кинонууд төрөн гарсаар л байна.

Үнжэ эгчээ баяртай

Олон жил ноёрхолоо тогтоосон энд тэндхийн эрээвэр хураавар сериалуудыг үгүй хийхээр хүчтэй олон сайхан цуврал кинонуудыг кино уран бүтээлчид маань энэ жил хийж бүтээжээ. Олон ч гээд байх юмгүй нийт 6 цуврал дэлгэцнээ гарсан байна. Үүнээс онцлох нь мэдээж "Чонын алтан шагай". Би нэг ангийг нь л үзсэн. Гэхдээ дүр сонголт үнэхээр таалагдсан. Жүжигчин Д.Дэлгэрсайхнаар тийм дүр бүтээлгэхийг би эртнээс хүсээд байсан юм. Бусад цувралуудын хувьд өөр өөрийн онцлогтой сайхан бүтээлүүд болсон байхаа. Үзсэн хүмүүс нь дор бүрнээ нэгийг тунгаасан биз. Харин эдгээр бүтээлүүдээс "Гэр" ОАК хамгийн эхэнд шагнал гардсан сурагтай.

Улаан малгайт ах эргэж ирлээ

Франц монголын засгийн газар хоорондын гэрээгээр устах аюулд өртөөд б
айсан "Цогт тайж" киног бүрэн эхээр сэргээн засварлаж  наадмын дараахан кинотеатрын дэлгэцнээ гаргасан нь хүн бүрийн сэтгэлт нийцсэн байх аа. Суварга бүтээж, хөшөө босгохоос ч том ажил энэ зун өрнөжээ.


90 саяын гэсэн тодотголоор олонд танил болсон Гансүх хэмээх залуугийн түүхийг энэ онд дэлгэцийн бүтээл болгон нийтэд хүргэсэн нь кино сонирхогч үзэгчдийн хувьд маш олзуурхууштай зүйл болсон. Холливүүдийн түвшинд хүрэх хэмжээний бүтээл гэхээсээ илүүтэйгээр тус киноны зураг авалт үнэхээр сайхан болсныг энд дурдах нь зөв байх. Мөн түүнчлэн 300 хоригдлыг кинондоо тоглуулсан нь манай улсын кино урлагийн түүхэнд анхных ажээ. 

Өнгөрөгч сарын 17-24-ий өдрүүдэд Нью-Йорк хотноо зохион байгуулагдсан ОУ-н кино наадмаас МСГЗ сэтгүүлч Г.Золжаргал, зураглаач найруулагч З.Батбилэг нарын хамтын бүтээл болох "Тайгын дууч" баримтат кино 36 орны уран бүтээлүүдээс энэ төрөлдөө шалгаран шилдгийн шагналыг хүртсэн байна.

Хятадын 6-дахь, холливүүдийн 3дахь солонгосын 3 дахь гээд улс орон бүр өөр өөрийн гэсэн кино урлагийн үе оргилуудтай байдаг. Мэдээж хэрэг өнгөрсөнд буй хамгийн гайхалтай бүтээл оршиж байгаа үеэ алтан үе гэж нэршцгээдэг. Манайд ч тийм тогтолцоо бий харин хэддэх үе дээрээ бид явна вэ? Миний бодлоор 3 дахь давалгаа л одоо түрж байгаа байх. Энэ түрэлтээс хамгийн идэвх оролцоо өндөр байгаа хүмүүс бол залуу найруулагч Б.Чингүүн, зураглаач Д.Ангараг нар юм. Энэ 2 уран бүтээлчийн хослол энэ жил "Гэрэл", "Миний сарнай", "Сүүлчийн хором", Би өвөөдөө хайртай", "Домгийн өглөө" зэрэг нийт 5 богино хэмжээний киног туурвижээ. Энэ бол маш том амжилт. 

Шинэ дэвшил

 Техник технологийн кино урлаг дахь шинэ ололтуудаас манай уран бүтээлчид хоцрохгүйг хичээж байгаагийн том илрэл нь найруулагч А.Миеэгомбын "Сайн, муу, хэрцгий" 3D бүрэн хэмжээний уран бүтээл байлаа. Ямартай ч солонгос, манайх 2-н анхны 3D кинонууд сар гаруйхны зайтай дэлгэцнээ гарчээ. Үүнээс гадна киноны постер хандлагад хөдөлгөөнт постер орж ирсэн нь ч маш том ололт билээ.